МОРЬ УЯХ нь ӨВ СОЁЛ, ЁС ЗАНШИЛ

2023-01-19 36 0

Монгол үндэсний морин уралдааныг хувь хүмүүсийн үзэмж, нөлөөгөөр өөрчлөх гэсэн сүүлийн хориод жилийн үр дүнд “үндэстний өв соёл” байх мөн чанар арчигдаж устах дээрээ тулж төрийн наадамд хямрал нүүрлэлээ. Үүнд Монголын морин спорт уяачдын холбооны бодлого хэрэгжиж үндэсний морин уралдааныг ийм болгосон нь үнэн. Энэ нь тус холбооны удирдлагад гарч ирсэн өндөр албан тушаал, алдар цолонд дур сонирхолтой, нэр хүндийн бизнес эрхэмлэгч нүүдэлчин ахуйгаас хөндий, хөрөнгөлөг нөхдүүдийн хөнгөн сэтгэлгээний үр дүн гэж харагддаг. Тэдний хар хайрцагны бодлого нь “Морь уралдуулах талаар олон түмнийг харж, боловсролгүй хөдөөний уяачдаас саналыг асууж, хөгжлийн бодлогыг тодорхойлоод байх шаардлагагүй. Бид өөрсдөө бодлогоо гаргаж ирээд тодорхойлоод хэрэгжүүлээд, малчид уяачид гэх тэр нөхдүүд нь дагаад явах хэрэгтэй. Хөгжлийн зүй тогтол ингэж явагддаг юм. Монгол адууг сайжруулна гэдэг чинь хөгжлийн бодлого. Хоцрогдсон монгол адууг эрлийздэн “шинэ монгол” адуу гаргаж улмаар дэлхийд түрүүлэх хурдан адуутай болох ёстой … гэх зэргээр зорилго чиглэлээ гаргаж үйл ажиллагаагаа явуулсан байдаг.

Уяачдын холбооны удирдлагын албан тушаал, эрх мэдэл том болохын хэрээр “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийг гууль болгон зорилгоо хэрэгжүүлж тэр нь өнөөгийн үндэсний морин уралдааны ёс жудгаа гээсэн самуурал будлиан, луйвар, хэрүүл, тэмцэл болж илэрч байгаа хэрэг.

Тус хуулинд “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна”, “Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ …” гэх мэтээр уралдааны насны ангилал, арга хэлбэрийг нь тодорхой заасан байдаг. Гэтэл хуулийг үл хэргэсэн төрийн наадмын морины уралдаанд гурван насны эрлийз адуу нэмж уралдуулдаг болгосон зэрэг үндэстний соёл ёс дэгийг эвдсэн ноцтой алдаа гаргажээ. Ингэхдээ тэдгээрийг зохион байгуулах зардал, бай шагналыг төрөөс гаргадаг болж эздийг нь төрийн одон тэмдэг, цол гуншингаар шагнаж алдаршуулах зэргээр уламжлал соёлч биш, ёс заншил ч биш байдлыг бий болгон хүчээр хэрэгжүүлсээр байна. Энэ нь “баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан тэмдэглэх… “ тухай хуулийн заалтын үндсэн гол чиглэл хамаарлыг орхигдуулсан том алдаа болжээ гэсэн дүгнэлтэд хүрдэг юм.

Өөр нэг чухал зүйл заалт бол “Үндэсний их баяр наадмын тухай” хуулинд “УЯАЧИД” цол олгоно … гэж заасан байдаг. Уяач нь өв соёлыг тээгч иргэн болохоос тэмцэлдэгч тамирчин мэт ойлгох нь хамгийн буруу сэтгэлгээ тэр юм.

Уламжлалт ёс заншлаар эрэмбэлэн үнэлэгддэг, эрдэмлэг чадвар, ёс суртахууны өндөр үнэлэмжээр олонд хүлээн зөвшөөрөгдөн хүндлэгдсэн уяачид цол хэргэм олгодог зарчимтай баймаар. Гэтэл ийм хүндэтгэх үнэлэмжгүй, эрэмбэ зиндаагүй атлаа сум аймгийн цолыг голон Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулан “манлай, тод манлай уяач” гэх мэт цолыг дарга, сайд, УИХ-ын гишүүд ичгүүргүйгээр өөрсдөдөө олгодог болсон. Энэ үйлдэл нь үндэстний соёлт чанар алдагдаж, ёс суртахуунгүй, ёс цээрээ алдахад үлгэрлэл болсныг орон нутагт уяач бүр л ярина. Эрлийз адуу уяж хамгийн олон түрүү авсан уяачид “Ардын уяач” цол олгоно гэсэн сураг зар явагдсаар хэдэн жил боллоо. Улсын хэмжээнд эрлийз азарга шалгаруулж алдаршуулдаг болсон. Ингэж цол хэргэм олгодог болсон нь ёс хүндлэлгүй, хүмүүжил, төлөвшилгүй болох муу үр дагавар дагалдаж гарч ирсэн нэг шалтгаан болжээ. Учир нь цолны төлөөх тэмцэлдээн нь буруу арга мэхээр хөгжиж үүнээс эхлэлтэйгээр монгол адууг эрлийздэх, монгол адууны генийг өөрчлөх ёс бус санаачлага газар авч өргөжсөөр хямрал болж байгааг нийтээрээ харж байна.

Аль тэртээх 1989 онд МАдН-ийн их хурал дээр …доктор Цэгмэд агсан “ Монгол адуугаа л эрлийздэж болдоггүй юм шүү. Ёстой болдоггүй юм чинь тэр шүү…” гэж захидаг байсныг мэдэх юм. Одоо ч манай төрийн төв байгууллага ХХААХҮЯ-наас батлаад гаргачихсан “Монгол адууг өөр хооронд нь цэврээр үржүүлнэ. Харин хурдлах, махны, сүүний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хязгаарлагдмал хүрээнд “Тодорхой нөхцөлтэйгөөр” арга зүйтэй төрийн хяналттайгаар эрлийзжүүлгийн ажлыг явуулахыг зөвшөөрнө”… гэх мэт шийдвэрүүд бий. Онцлог нь “Тодорхой нөхцөлтэйгөөр” гэж байгаа юм. Яг үнэндээ мэргэжлийн дээд байгууллага ХХААЯ-наас шийдчихсэн байдаг ч хэргэжүүлдэг болон хяналт тавьдаг субъект хаана ч байхгүй байна. Өөрөөр хэлбэл ямарч ажил хийгддэггүй энэ цоорхойгоор “ Монгол адууг эрлийздэж байгаад “ монголчуудыг төрийн наадамд эрлийз адуугаар уралддаг болгох” гаж бодлого биежин хэрэгжсээр байна.

Эрдэмтэн доктор, биологич, мал зүйчид Оюунсүрэн, Г.Төмөрхадуур, О.Уламбаяр, Сайполд, Самданжамц…гээд олон мэргэжилтнүүдээс –“…монгол адууг эрлийздээд хурдан шандас цогцолсон сайн монгол адуутай болох уу? дэлхийд түрүүлэх тийм монгол адуу бий болгож болдог юм уу?… гэж асуухад тэд “тийм боломж байхгүй, хэзээ ч бүтэхгүй” гэж толгой сэгсэрдэг. Биологийн хуулийг хэн ч хаана ч өөрчилж болдоггүй … гэсэн ганцхан хариулт л байдаг. Өөрөөр хэлбэл… эрлийздэнэ гэдэг чинь тэр монгол адууны хувьд биологийн мөхөл ирж байгаа юм… гэж хэлдэг.

Энэ бүгдийг ухаарч жирийн иргэд бид монгол уламжлалт ёс, соёлоо хамгаалах үүднээс судалж мэдэх зайлшгүй цаг үед ирээд байна. Монгол үндэсний морин уралдааныг үндэсний соёл, ёс заншлаа алдагдуулахгүйгээр авч явахыг эрхэм хүндтэй ахмадууд маань уяачдын холбооны хурал дээр удирдлагадаа хандаж сануулж, хүсэж, сургаж ингэж хэлж байжээ.

ММСУХолбоог санаачлагч МУМУяач Г.Баттөмөр :…Дэлхийн жишгээр явах юм бол үүлдэр үүлдрээрээ уралдах ёстой. Монгол наадам гэдэг чинь бүх үүлдрийн адууны уралдаан өрсөлдөөн явдаг талбар болох юм уу? үүнийгээ л зөв шийдэх хэрэгтэй. Монгол үндэсний морин уралдааныг дагалдсан асар том соёл зан заншил явдаг. Залуучууд минь үүнийг битгий мартаж үзээрэй гэж ах хүний хувьд захиж байна. Уралдаж тэмцэлдэхээсээ илүү соёл нь чухал. Уяачийн ёс суртахуун, уламжлалаа өндөрт тавихгүй юм бол энэ холбоо чинь монгол улсын бүх уяачдын эрх ашгийг хамгаалж чадахгүй болно шүү дээ…

Хөдөлмөрийн баатар , гавьяат МУТМУяач Д.Даваахүү:… Би эрлийз адууны муу сайныг нь биеэрээ үзсэний хувьд хэлж байгаа юм. Монголын ард түмний энэ олон уяачид чинь цөмөөрөө монгол адуугаараа үнэхээр бахархдаг, цөс нь догдолдог улс. Тэгээд л — өө муу морин тойруулгын эрлийз түрүүлчихлээ… гэхээс сайн адуу гэж магтаж, сайшааж байгаагүй. Монгол адуунаас сайн адуу ч гэж байхгүй. Би бол монгол адууг ч түрүүлгэсэн, эрлийзийг ч түрүүлгэсэн. Түүгээрээ л олон цол авсан хүн. Намайг тойруулгаас гарснаас хойш хоёр их насны морь л түрүүлсэн. Эрлийзийн хурдлах үе нь өнгөрчихсөн байх. Монгол наадам монгол адуугаараа л наадах нь зөв. Цаад олон түмэн уяачийн эрх ашгийг хамгаалж хандах нь зөв зүйтэй юм аа. …

МУТМУяач Ц.Дуламсүрэн:…соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай гуай …хэдэн жилийн өмнө Морин уралдааны холбоог Д.Ганбаатар бид хоёр байгуулж тойруулгын уралдаан хийж байхад —“та нар тойруулгын уралдаан хийж болохгүй, эрлийз адуу уралдуулж болохгүй”… гэж байсан хүн. Гэтэл одоо болохоор — Даваахүү цол авчхаад та нарыг цол авахуулахгүй байна… гэж ярьж байна. Ингэж гурван жилийн дараа өөрчлөгдөж нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, нийт ард түмний эрх ашгийг газар гишгэж болохгүй гэж хэлмээр байна…

Я.Батсуурь \УИХ-ын гишүүн\: … Та бүгд монгол адуугүй наадмын төлөө зөгнөөд яриад байна. Олон улсын жишигт бол үүлдэр үүлдрээрээ тус тусдаа л уралддаг шүү дээ. Манайх шиг үүлдэр хамаагүй уралддаг газар байхгүй.

Эцэст нь бас нэг үндэслэл хэлэхэд өнөөдөр дэлхий даяарчлагдаад манайх шиг жижигхэн улс бол өөрсдийнхөө үндэсний соёлыг л сэргээж энэ дотор авч гарахгүй юм бол үндэсний юм болгон үгүй болох, багасах, жижиг улс устах аюул нүүрлэх болж байна. Иймд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд улс орноо аврахын тулд үндэсний соёл үлдэнэ гэж үзсэн юм билээ. Тэгэхээр монгол гэсэн зүйлээ хөгжүүлэх нэрийн дор барууных болгоод явчих юм бол монгол үндэсний аюулгүй байдалд ч ноцтой нөлөөтэй болох юм шүү… гэх мэтээр уяачдын холбооны хурал дээр хэлж байжээ.

ММСУХолбоог санаачлагч, үүсгэн байгуулагч , нэрт уяач, төрийн түшээ эдгээр нэр хүнд бүхий эрхэм хүмүүс монгол адуугаа дээдлье, монгол соёлоо хамгаалъя.. гэж бие сэтгэлээрээ зүтгэж ирсэн хүмүүс. Гэвч тэдний бодол, хэлсэн үг салхинд хийсэж, агаарт замхарсан нь харамсалтай.

Монголын төр, монгол соёлоо, монгол адуугаа хамгаалахгүй юм бол угтаа үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгаа нь үнэн.

Хэдийгээр цаг үе ороо бусгаа байлаа ч “ морь уях төрийн хэрэг “ гэх уяачийн сэтгэл алдраагүй байна. Монгол адуугаа дээдэлсэн ёс зүйтэй, соёлтой ард түмэн шүү дээ бид. Монгол төрийн долоон эрдэнийн нэг морин эрдэнэ гээгдээгүй баймаар. Ардын соёлыг сэргийлэн хамгаалах нь төрийн хэрэг билээ. 2018.12.25.

/Нийтлэлч, судлаач Н.Санжаадоржийн зөвшөөрөлтэй нийтлэв/

Холбоотой мэдээ