Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо

2023-01-18 30 0

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. Түр зөвшөөрлийн материал илгээх заавартай https://transport.ub.gov.mn/en/?page_id=4341 холбоосоор танилцаарай. 

НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон CE ангиллын автомашинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

       Аж ахуйн нэгж, байгууллага:

  • Хүсэлт гаргасан албан бичиг
  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
  • Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
  • Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар 

Хувь хүн:

  • Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт
  • Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох
  • Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/
  • Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
  • Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
  • Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ.

Дээрх материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк болон төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ