ЗАМЫН-ҮҮДЭЭС 100 АВТОБУС АВЧИРЧ БАЙНА

2023-01-11 22 0

БНХАУ-аас 224 автобус худалдан авчээ. Эдгээрийн 100-г хот руу авчирч байна. Удахгүй 50 сургуулийн автобус импортолно. Мөн энэ онд багтаан Засгийн газрын дэмжлэгээр 300 гаруй тэрбум төгрөгөөр шинэ автобус нэмж авна хэмээн хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан эдгээр автобусыг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн юм. Хотод ирснээс хойш 5 хоногт бэлтгэлээ хангаад үйлчилгээнд гаргана.

Үлдсэн 124 автобусыг ирэх сард авчрах аж. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобусыг үйлдвэрээс ачиж эхэлжээ хэмээн хотын дарга Д.Сумъяабазар сарын өмнө мэдээлсэн юм.

Он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ онд нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шийдэх амлалт өгсөн юм.  

Нийслэлд одоогоор 17 компанийн 980 орчим автобус 105 чиглэлд үйлчилгээнд явж байна. Тэдгээр автобусны 90 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтрээд буй. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ