БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ БОЛЛОО

2023-01-09 34 0

Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.09/-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж танилцуулав. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

Хөшигийн хөндийн “Шинэ Зуунмод” хотын шинэчлэлийн төслийн хүрээнд Солонгос Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны флатформоор хэрэгжүүлж буй Ухаалаг хотын төслийн уулзалтуудыг зохион байгуулав.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийг байгуулан, ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

Олон Улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудлыг түшиглэн бий болох Богдхаан төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр, логистикийн нэгдсэн төвийн хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, Инженерийн дэд бүтцийн судалгаа, эх үүсвэрийг тодорхойлох зураг төсөл, Сургалт-Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах ажлыг тус тус сайдын зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

Есөн яамны барилга байгууламжид Саадгүй байдал, хүртээмжийн үнэлгээг хийж, үнэлгээний тайланг БХБЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санал өгч ажиллалаа.

Салбарын томоохон хууль эрх зүйн баримтуудыг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээс гадна Барилгын тухай хуулийг шинэчлэхтэй холбоотойгоор тус хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулга мэдээлэлд ороогүй, нэмж мэдээлэл өгөх тулгамдсан асуудал байгаа эсэх, мөн хэрэгжих боломжгүй, хоцрогдсон ажлуудын талаар, Орхоны хөндийд шинэ хот байгуулахтай холбоотой хийгдэж буй ажлууд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцыг удирдлагуудаас тодруулав. Сайдын тодруулгад БХБЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт Тогтоол шийдвэрийн хэрэгжилт дээр хугацаа хоцорсон, бага хувьтай ажлууд байхгүй байгааг мэдээлсэн бол Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Должинсүрэн санхүү хөрөнгө оруулалтын асуудлаас болж, хэрэгжих боломжгүй татагдсан зарим ажлын талаар мэдээлэл өглөө.

Орхоны хөндийд байгуулах шинэ хотын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа талаар Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд танилцууллаа.

Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах бодлого, арга хэмжээний хүрээнд сайд Ц.Даваасүрэн яам, харьяа байгууллага, төслийн нэгжийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

-Орхоны хөндийд байгуулах шинэ хотын урьдчилсан ТЭЗҮ-ийг яаралтай нарийвчлан танилцуулах;

– Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлын явцыг, нийслэл хоттой хэрхэн хамтарч, уялдуулж байгаа талаарх мэдээллийг яаралтай өгөх;

– Газрын багц хуулийн төсөл дээр гарч байгаа зарчмын зөрүүтэй саналуудыг сайтар нягталж ажиллах;

– Барилгын материалын үйлдвэрлэлийн хувьд дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүхий л үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих;

-Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь рүү шилжүүлэх бодлогын хүрээнд хийгдсэн зөвшилцөл, ажлын мэдээллийг танилцуулж, дахин оруулж ирэх;

-Харьяа байгууллагууд болон аймгуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг эцэслэн танилцуулах;

– Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн төсөл /ХАНСХЕТ/-нд анхаарч ажиллахыг үүрэгдэв.

Холбоотой мэдээ