Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын спортын таван төрөлт тэмцээний аваргууд тодорлоо

2022-11-21 11 0

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтсүүдийн ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор салбарын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнийг энэ сарын 18-20 ны хооронд зохион байгууллаа.

Тэмцээний нэгдүгээр шатанд 1033 албан хаагч спортын 5 төрлөөр 5 бүсэд хуваагдан өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон.

2 дугаар шатанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ахмад настны үндэсний төв болон аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс бүсийн тэмцээнд тэргүүлсэн 29 багийн 511 албан хаагч өрсөлдлөө.

Тэмцээнийг нээж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, “Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортыг дэмжих зорилт туссан. Нөгөө талаар спорт нь нөхөрлөл, харилцаа холбоо, эв нэгдлийг бэхжүүлж хамт олныг нэг цул болгодог чухал үйл ажиллагаа” болохыг онцлоод баг тамирчдад амжилт хүссэн юм.

Аварга шалгаруулах тэмцээн Үндэсний батлан хамгаалах их сургуулийн спорт зааланд 3 өдөр үргэлжилж сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс Чингэлтэй дүүрэг, эмэгтэйчүүдээс Хан-Уул дүүрэг, гар бөмбөгийн төрөлд Говь-Алтай аймгийн эрэгтэй баг, Баянхонгор аймгийн эмэгтэй баг, дартсын төрөлд Сонгинохайрхан дүүргийн баг, шатрын төрөлд эрэгтэйгээс Ховд аймгийн Б.Мөнхзул, эмэгтэйгээс Орхон аймгийн Б.Билэгсайхан, ширээний теннисийн төрөлд эмэгтэйгээс Чингэлтэй дүүргийн Н.Өлзийжаргал, эрэгтэйгээс Төв аймгийн Ц.Хосбаяр аваргаар шалгарлаа.

Холбоотой мэдээ