“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Өвөрхангай аймагт нээлтээ хийв

2022-11-07 35 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  Өвөрхангай аймагт нээлтээ хийлээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй албаныхан Өвөрхангай аймагт ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй төрийн бодлого, шийдвэрийг сумдын удирдлага, ард иргэдийн төлөөлөлд танилцууллаа.

Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болгох зорилготой тус хөдөлгөөнд Өвөрхангай аймаг олон томоохон зорилтыг дэвшүүлж байна.

Тухайлбал, тариалангийн эргэлтийн талбайг 20 мянган га-д хүргэж, үр тариа, төмсөөр хүн амын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоогоор 50 хувь хангах, малын тэжээлийн тариалалтыг 5.5 мянган га-д хүргэх, мал аж ахуйн эрчимжсэн болон туслах аж ахуйг байгуулах, 10 суманд мал эмнэлгийн анхан шатны ариун цэврийн лаборатори бий болгох гэхчлэн 40 ажлыг 2027 он хүртэл авч хэрэгжүүлэх юм байна. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлттэй холбогдуулан хүнсний салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж буй нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа.

Өвөрхангай аймгийн хувьд хүнсний салбар нь аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг эзэлдэг. Тус салбарт 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 16.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 хувиар, борлуулалтын орлого 5.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид орон нутгийн 6.7 сая төгрөгийн төсвөөр багаж, оношлуурыг худалдан авч, хүнсний ногоонд пестицидийн, маханд антибиотикийн үлдэгдэл тодорхойлж байгаа юм.

Мөн Арвайхээр, Хархорин сумын Мал эмнэлгийн газрыг 16.5 сая төгрөгийн өртөг бүхий мах, сүүнд антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээний багажаар хангасан бол орон нутгийн төсвийн 5.0 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн төв хүнсний захын ариун цэврийн лабораторийг багаж, урвалжаар хангасан байна.

/эх сурвалж: ХХААХҮЯ/

Холбоотой мэдээ