ЗЭРЛЭГ АМЬТДАД ЭЭЛТЭЙ ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ЗАЙНААС СУРГАХАД ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-11-01 19 0

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /ДБХС/-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Lan Mercado, Байгаль хамгааллын захирал Alistair Monument, Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /ДБХС/, Монголын улсын Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хууль эрх зүйг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд дэвшилтэт технологийг ашиглах боломжийг олгон дэмжлэг үзүүлж байгаа хийгээд, цоохор ирвэс, бөхөн, аргаль хонь, цагаан зээр зэрэг амьтны зүйлийн хамгаалал, судалгаа шинжилгээ, тусгай хамгаалалттай газрын менежментийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг талууд цохон тэмдэглээд, цаашид зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн асуудал, байгаль хамгаалагчдын чадавхжуулах, зайнаас сургахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн Монголын зүүн бүсийн хялганат хээрийг хамгаалах төсөл болон Хар Ямаатын БЦГ-ийн менежментийг хариуцан амжилттай хэрэгжүүлж буй явдалд дэлхийн Байгаль Хамгаалах Сан /ДБХС/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газарт БОАЖЯ-ны ТНБД Э. Баттулга талархал илэрхийллээ.

Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /ДБХС/-ийн зүгээс Монгол орны байгаль хамгаалалд үзүүлэх дэмжлэгээ цаашид нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, шугаман дэд бүтцийн байгууламжид зэрлэг амьтны гарц гарам гаргах шаардлагатай байршлыг тогтоох, байгалийн ухааны чиглэлээр суралцах оюутан судлаачдыг бэлтгэх, байгаль хамгаалалд дэвшилтэт технологи нэвтрүүлэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, байгалийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ гэсэн юм.

Уулзалтад БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Амьтан, ургамал байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар байлцав.

Холбоотой мэдээ