“ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2022-10-31 15 0

Монгол Улсын Соёлын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран “Хүүхдийн уран зохиолын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хүүхдийн төв номын сан дээр зохион байгуулж, хуралд Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Т.Галсан болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, ЕБС-ийн багш, хүүхдийн зохиолчид оролцов.

Эрдэм шинжилгээний хуралд Д.Цэвээндорж “Монголын хүүхдийн уран зохиолын хөгжил: Оноо сургамж”, О.Сундуй “Хүүхдэд зориулсан яруу найргийн онцлог, чиг хандлага”, О.Шинэбаяр “Өнөөгийн хүүхдийн утга зохиолын хэл ба адилтгал, зүйрлэл”, Д.Батжаргал “2000 оноос хойших хүүхдийн өгүүллэгийн туурвил зүйн асуудалд”, Т.Пүрэвсүрэн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн зохиолын цахим санд суурилсан үгийн сангийн судалгаа”, Д.Боролзой “Цахим орчин ба хүүхдийн утга зохиол”, А.Амардалай “Бага ангийн сурах бичиг дэх хүүхдийн зохиолын сонголт ба чанар”, Б.Мөнх-Эрдэнэ “XXI зууны хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн бүтээлийн хөгжил, төлөвшил”, Б.Баярмаа “Хүүхдийн уран зохиолын судлал шүүмжийн зарим асуудал”, Н.Хишигсүрэн, С.Үүрийнтуяа нар “Хүүхдийн утга зохиолд хүүхдийн орчин тусаж ирсэн нь”,Б.Одончимэг, Б.Сосорбарам нар  “Хичээлээс гадуурх уншлагын ач холбогдол” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Эрдэмтэн судлаачид 2000 оноос хойших монголын хүүхдийн уран зохиолыг тусгайлан судалж, өнөөгийн байдал, төлөв чиг хандлагыг хүүрнэл зохиол, шүлэг яруу найраг, тайз дэлгэцийн бүтээлээр жишээлэн илэрхийлж, судалгаанд тулгуурлан хэлэлцүүлснээрээ онцлог болсон юм.

Эрдэм шинжилгээний хурлаас хүүхдийн зохиол бүтээлийн чанар чансаа, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон төрөл зүйл, төрөл зүйлдээ тохирсон хэл, найруулгатай бүтээл гаргахыг нийт хүүхдийн уран бүтээл туурвигчдад уриалав. Хурлын үеэр 2000 оноос хойш хэвлэгдсэн хүүхдэд зориулсан номын үзэсгэлэн, хүүхдийн зохиолчдын тухай баримтат кино үзүүлж сонирхууллаа.

/эх сурвалж: Соёлын яам/

Холбоотой мэдээ