УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ БОЛОН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 

2022-10-20 32 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Уур амьсгалын ногоон сангийн Бүсийн зөвлөх Юсүкэ Тайши, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нартай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хөдөө аж ахуйн салбарын талаар танилцуулга хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг тэмдэглээд “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил” болгох Монгол Улсын Засгийн газрын санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар дэмжиж, зарласан тул хэрэгжилтийг ханган ажиллана гэдгээ онцолсон юм. 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг Байгаль орчин Аялал Жуулчлалын Яам хэрэгжүүлж гол түншлэгчээр  Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж байна. АДАПТ төсөл нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, алсын хараа болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөлттэй бүрэн уялдаж, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, хөрсөнд нүүрстөрөгчийг шингээх замаар мал аж ахуйн салбарт дулаан ялгаруулалтыг бууруулах, урсац бүрдэх эх болон гол мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах, усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх замаар усны нөөцийн хүрэлцээг хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Өнөөдрийн уулзалтаар 2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хэрэгжилт, явц, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо. 

Холбоотой мэдээ