ӨЛГИЙ СУМД 10 ГА ГАЗАРТ ХАМГААЛАЛТЫН БҮС БАЙГУУЛЖ, 10 МЯНГАН ШИРХЭГ НАВЧИТ МОД ТАРЬЖ ОЙЖУУЛНА

2022-10-14 57 0

2022 онд Улсын төсвөөр аймгийн төв болон Сагсай, Улаанхус, Алтанцөгц сумуудад ойжуулалтын хамгаалалтын бүс байгуулахаар болж тендер зарлагдсан. Энэ ажлын хүрээнд нийт 60 мянга гаруй мод тарьж ургуулахаар төлөвлөгдсөн ба эхний тендер болох Өлгий сумын төвд ойжуулалтын хамгаалалтын бүс байгуулах ажлыг “Монгол уулын ой” ХХК авсан.

Аймгийн удирдлагууд өнөөдөр /2022.10.12/ тус ойжуулалтын хамгаалалтын бүс байгуулах талбайд очиж, хамгаалалтын зурвасын ажил хэрхэн явагдаж байгаатай танилцлаа.

“Монгол уулын ой” ХХК-ийн захирал ой зүйч С.Баярбаатараар ахлуулсан инженер, техникч нийлсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг манай аймагт ирж, өнөөдрөөс  хамгаалалтын хашааг татаж, усалгааг үр дүнтэй болгох үүднээс шуудуу гаргах ажлыг эхлүүлсэн байна. Тус компани Өлгий сумд 10 га газарт хамгаалалтын зурвас байгуулж, 10 мянган ширхэг навчит мод тарьж ойжуулна. Манай аймгийн нөхцөлд дасан зохицох чадвар өндөр, гадаргын усанд ургах чадвартай, тэсвэр сайтай гурван төрлийн навчит модыг тарих юм. Үүнд Улиас, Хайлаас, Бургас зэрэг тарьцыг суулгах ба арчилгаа хамгаалалт хийх ажлыг гурван жилийн хугацаатай хариуцах юм. Тус компани Өлгий сумаас гадна Алтанцөгц сумд 30 га талбайд хар мод буюу шинэс тарина.

Түүнчлэн Сагсай болон Улаанхус сумуудад нийт 70 га газарт шинэс, хайлаас, бургас тарьж ойжуулахаар тендер нь зарлагджээ.

Холбоотой мэдээ