УИХ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

2022-10-14 59 0

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах шинэчилсэн зохицуулалтыг Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн төсөлтэй нийцүүлэн тусгалаа. Үүнд:

Хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжил, үйлдвэржилт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, цогцолбор, хотхон (кампус), салбар дундын дадлагын бааз хэлбэрээр хөгжүүлж, иргэнд гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, амьдралын орчноос олж авсан мэдлэг, ур чадварын түвшинг үнэлж, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ажил, мэргэжлийн стандарт, мэргэшлийн түвшинд нийцүүлэн сургалтын байгууллага хөтөлбөрөө тасралтгүй сайжруулах, шатлан суралцах, хосмог, ажлын байран дээрх, сургуульд суурилсан сургалтын олон хувилбарт хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг олгоно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын 2.5 жилийн сургалтыг 3 жил болгох. Ингэснээр 18 насанд хүрсэн, мэргэжлийн болон бүрэн дунд боловсролын агуулгыг бүрэн эзэмшсэн төгсөгч ажлын байранд гарах боломжийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон шаардлагад нийцсэн, мэргэжлийн зөөлөн, хатуу ур чадварыг бүрэн эзэмшсэн Монгол хүнийг ажлын байранд нийлүүлэх боломж бүрдэнэ.

Мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний багтаамж, эрэлттэй уялдуулан сургалтыг илүү уян хатан байдлаар зохион байгуулах, сургалт эхлэх, дуусах хугацааг харилцан адилгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвартай төгсөгчийг бэлтгэх, ажилтны эзэмшсэн ур чадварын үнэлэмжийг сайжруулах зорилгоор ажлын байран дахь сургалтын олон хэлбэрүүдийг бий болгоно. Иргэд өөрийн хэрэгцээ, туршлагад суурилан албан бус боловсрол, нийгэм, амьдралын орчинд бие даан эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, чадамжаа хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах боломжтой болох юм.

Боловсролын салбар дахь байгууллага хоорондын чиг үүргийн давхардлыг хянан, үйл ажиллагааны уялдааг нарийвчлан тусгалаа. Тухайлбал; салангад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын үнэлгээний байгууллагуудыг нэгтгэх, чиг үүргийн давхардлыг арилгаж, уялдааг сайжруулна.

Багш, хүний нөөцийн хөгжлийг боловсролын нэгдсэн тогтолцоонд хамтад нь хөгжүүлэх, багш өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээлийн орлогоос хувь ногдол, ашиг хүртэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.

Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ 3 талт гэрээ байгуулж, өөрийн ажлын гүйцэтгэлд тохирсон цалин хөлс авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдсан орчин нөхцөлд суралцах, хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгав.

Удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлого олох боломжийг бүрдүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлнэ.

Холбоотой мэдээ