МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОХ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ЕСДҮГЭЭР САРД 3 ДАХИН ӨССӨН БАЙНА

2022-10-13 44 0

Улсын хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 233053 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 8 дугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 74.2 хувь нь Нийслэлд, 25.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.18 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 230895 хүн, 293 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 0.7 хувиар буурч, хуулийн этгээд 13.6 хувиар өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76 хувь нь эрэгтэй, 24 хувь нь эмэгтэй байгаа бол 64.4 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 9 дүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг 8 дугаар сартай харьцуулбал Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэргийн гаралт хамгийн их өссөн дүнтэй байна. Тодруулбал, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3 дахин, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 29.4 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 17.5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7.6 хувиар, Танхайрах зөрчил 0.4 хувиар тус тус өсжээ.

Харин Хулгайлах зөрчил 21.4 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.8 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 16 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.4, Хүний биед халдах зөрчил 0.3 хувиар тус тус буурсан байна.

Холбоотой мэдээ