ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ВЕНИЙН ОЛОН УЛСЫН ФОРУМ НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨВД БОЛЛОО

2022-10-11 45 0

Австри улсын Вена хотод НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Австрали улсын Засгийн газар болон Стандарт, худалдааны хөгжлийн байгууллага (STDF) хамтран “Хүнсний аюулгүй байдлын Венийн олон улсын форум”-ыг 2022 оны 10-р сарын 3-5-ны өдөр зохион байгууллаа. Форумд дэлхийн 160 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд зайнаас аудит хийх, баталгаажуулах, эрүүл мэндийн цахим гэрчилгээ, хөндлөнгийн баталгаажуулалтын хөтөлбөрүүд зэрэг хүнсний аюулгүй байдлыг хангах орчин үеийн шийдлүүүдийг онцлон танилцуулж хэлэлцлээ. Тус форумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөллүүд оролцсон бөгөөд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлагууд уг олон улсын форумыг Монгол Улсад зохион байгуулах саналыг тавьлаа.  

Форумын дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөллүүд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлагуудтай албан уулзалт хийж хоёр талын хооронд байгуулсан “Стратегийн хамтын ажиллагааны хүрээ”-ний дагуу боловсруулж буй Ажлын нарийвчилсан төлөвлөгөө болон УИХ-ын 36-р тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлуудаас хамтарч хэрэгжүүлэхээр хэлэлцлээ. 

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай манай улс 1968 оноос хойш түүхэн хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд 1985 онд тус байгууллагын гишүүн болсон.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хувьд 2018 оноос эхлэн хамтын ажиллагаагаа идэвхижүүлж Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECIM)” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоогоор Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд тус байгууллагаас итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техникийн туслалцаа аван хамтарч ажиллаж байна. 

Холбоотой мэдээ