ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДАД ОЙЖУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

2022-10-11 39 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг өнгөрсөн 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулж, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх ажлуудыг шат дараатайгаар төлөвлөн ажиллаж байна.

2022 оны 09 дүгээр сарын 01-23 ний хооронд Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хилийн цэргийн анги салбаруудын хугацаат цэргийн албан хаагчдын дунд ойжуулагч мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээ баталгаажуулалтыг амжилттай зохион байгуулж өнөөдөр төлөөлөл болгон Хилийн цэргийн 0267 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчдад ойжуулагч мэргэжлийн чадамжийн гэрчилгээ гардууллаа.

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг, үнэлгээ баталгаажуулалтын албаны дарга Л.Наранцэцэг, үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д. Болортуяа, Монгол цэргийн нэгдсэн холбооны Бага хурлын гишүүн, доктор профессор, бригадын генерал Д.Ганбаатар, ХХЕГ-ийн Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Б.Батхүү, ХХЕГ-ийн Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Монгол цэргийн нэгдсэн холбооны, Ажлын албаны хилийн цэрэг хариуцсан зөвлөх бэлтгэл хурандаа Ч.Дашням, МУ-ын гавьяат агрономч, доктор профессор Б.Чимэд, МУ-ын зөвлөх агрономч, доктор профессор Л.Батмөнх болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр оролцлоо.

Энэ үеэр Монгол цэргийн нэгдсэн холбооны Бага хурлын гишүүн, доктор профессор, бригадын генерал Д.Ганбаатар: Ойжуулагч мэргэжлийн сургалтыг цаашдаа тогтмол явуулж, хугацаат цэргийн албан хаагчдыг нэг жилийн хугацаанд давхар мэргэжилтэй болгож, ур чадварыг нь үнэлүүлэн чадамжийн гэрчилгээ олгох ажлыг хил хамгаалах байгууллагаас онцгойлон анхаарч ажиллах болно гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг: Хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, чадамжид суурилсан хөтөлбөр, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, ахмад хилчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх цаашлаад дан ганц ойжуулагч мэргэжлээр бус Тогооч мэргэжлээр ажлын байранд дээрх RPL- үнэлгээ зохион байгуулах, Албаны нохой хөтлөгчийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, Ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдсан төгсөгчдийн үнэлгээ зохион байгуулж, чадамжийн гэрчилгээ олгуулах, зэрэг бүхий л тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ойжуулагч мэргэжлийн чадамжийн гэрчилгээ гардан авч буй хугацаат цэргийн албан хаагчид болон тэдний ар гэрийн зүгээс нэг жилийн хугацаанд алба хаах хугацаандаа давхар мэргэжил эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхтэй халагдах гэж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байсан төдийгүй эзэмшсэн мэргэжлээрээ цаашдаа үргэлжлүүлэн ажиллаж, Монгол Улсын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн төлөө гар бие оролцон зүтгэнэ гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдэж, “Ногоон хэрэм” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 5 агропарк байгуулан ажиллаж байгаа бөгөөд цаашлаад илүү олон хугацаат цэргийн албан хаагчдыг ойжуулагч мэргэжлээр суралцуулан, мэргэжлийн үнэмлэхтэй болгож жилд 16 сая мод тарих зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

Холбоотой мэдээ