УЛЗ ДОЛГИЛЖ, УУЛС ӨНДӨЛЗСӨН НААДАМ БОЛЛОО (аян замын тэмдэглэл)…

2022-10-11 51 0

“Өгөөмөр намрын өнгийг

Өөр өөрийн зүрхэнд

Өлгийдөн өлгийдөн авсан

Өрмөн шаргалхан өдрүүд…”-ээр өсөж төрсөн нутаг Дорнын цэнхэр хязгаар руу 10 дугаар сарын 08-ны өглөө эртлэн “утга зохиолын төлөө” зүрх нь цохилж, сэтгэл нь хөвөлзөж байдаг эрхэм нөхдийнхөө хамтраар хүлгийн жолоо залав.

Ийн мордохын учир нь “Улз голын буриад хошуу үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой”-н хүрээнд Дорнод аймгийн Бая-Уул сумын ЕБС-ийн Захирал асан, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Энхбарс Дамба багшийн санаачилгаар зохион байгуулж буй “УЛЗЫН УЯНГА” Зүүн бүсийн яруу найргийн наадмыг зорьж яваа нь тэр.

Аяны дөрөөг аймгийн төвд мулталж, амсхийн нэг хоноод, ахиад цааш алдарт Баян-Уул сумыг аймгийн төвөөс оролцох яруу найрагчид, уран бүтээлчид, зохион байгуулагчдаас бүрдсэн хэд хэдэн машин цуваагаар хөдөлцгөөлөө.

Оройхон биднийг энэ л сайхан нутгийнхаа эрхэм бахархал болсон Д.Энхбарс багш хүлээн авч буриад ёсоороо мойлтой тос, зөөхий, үрэл жимс алгалсан амтат оройн зоогоор дайлж маргаашийнхаа ажлын хөтөлбөр төлөвлөгөөг танилцуулсан.

2022.10.08

Маргааш өглөө нь мандахын улаан нарнаар манай зохиолчид, нутгийн иргэд олон нийт үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй “ТЭРБУМ МОД” аяны хүрээнд өгөөж баян хангайдаа өнө мөнх ургаг гэж өөдөсхөн бяцхан нарс мод олноор суулгав.

Наадамд Сэцэнханы онгод төгөлдөр, оройн дээд хичнээн яруу найрагч хүрэлцэн ирснийг энэ мод тарих үйл ажиллагааны үеэр багцаалдаад хараад ч авлаа.

Алтан дарь овоо, Шилийн богд хайрханыхаа сүлд хийморь, сүншиг буянаас сэтгэлдээ дээжлэн Сүхбаатар аймгийг МУ-ын СГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сумъяагийн Амартайван, Эзэн богд Чингтс хааныхаа их сүр хүч, энэхэн дэлхийн гайхамшигт уулс Хан Хэнтийгээ айлсуулан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Балдансодномын Энхжаргал, алдарт Дорнын уудам талаа сэтгэлдээ өвөрлөн, алтан шар нараа зүрхэндээ мандуулсаар Дорнод аймгийг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэрэндоржийн Жамбалгарав нарын ахай, абугайчуул магнайлан ирсэн нь уулс дүнхийх мэт.

Хэнтий аймгийн Норовлин суманд тэр жилийн намар нэрт яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй хэмээх эрхэм хүмүүний нэрэмжит “Улзын цагаан хоймор” наадмаас хойш ингэж олноороо чуулаагүй 5 жилийг бид үджээ.

Наадмын хүндэтгэн хүндэт зочид олноор ирснийг дурдвал МЗЭ-ийн шагналт, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал асан М.Саруулдалай, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хэнтий аймгийн “Цэгц аравт” нэгдлийн Тэргүүн О.Түвшиндэмбэрэл, Дорнод аймгийн УЗН-ийн гишүүн Б.Хүрэлсүх, Аймгийн ИТХ-ийн Төлөөлөгч, Тэргүүлэгч Ч.Ганбат, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн Захирал М.Аюушхорлоо, Яруу найрагч Цэндийн Бадамдорж агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд хүрэлцэн ирж хүндэт суудалд тухалсан байв.

Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МЗЭ-ийн шагналт, Монголын рок попын ертөнцөд дууны шүлгийн “Ханхүү” хэмээн өргөмжлөгдсөн “Монголчууд” сэтгүүл, “Гал” сонины эрхлэгч, яруу найрагч Д.Ган-Очир, Баян-Уул сумын унаган хүү, Төрийн дээд шагнал Алтангадас одонт, тус сумын Засаг дарга асан н.Амгалан хэмээх хоёр сайхан ханагар ахтайгаа хамтран хөтлөгчөөр ажилласан минь нэр төрийн хэрэг байлаа. Шинэхэн сайхан, саруулхан гэгээхэн ордонтой сумын Соёлын төвийн болон ЕБС-ийн хамт олон арын албанд бат гэгч нь ажилласны шанд олон сайхан зохиолч, яруу найрагчид онгодоо шингээсэн ном, цомгийг тэдэнд бэлэглэсэн.

Мэдээж аливаа үйл ажиллагааг олон түмэнд хүргэх, түгээх ажил бас амаргүй. Тэгвэл тэр амаргүй ажлыг албан ёсны овог нэр нь Сүрэнгийн Дэлгэр гэдэг ч аймаг орондоо “ШИНЭ СУВГИЙН ДЭЛГЭР” хэмээн хүндлэгдсэн Сэтгүүлч эгч маань дөмөгхөн хийж харагдсан. Мөн МУ-ын СТА дуучин Магсаржаламын Мөнхжаргал найз минь шинэхэн уран бүтээлээ нутгийн түмэнд өргөн барив.

Наадмын үйл ажиллагаа намар шиг өнгөлөг, өгөөмөр, өөдрөг байсныг хэлээд юү гэхэв…

Эх сайхан буриад хэлээрээ шүлгээ туурвиж буй МЗЭ-ийн гишүүн өдгөө 83 насыг шүргэж яваа Ц.Дугар гуайд маань зохион байгуулагчид алдаршуулан “Өргөмжлөл” 800 мянган төгрөгийн хамт гардуулан хүндэтгэл үзүүлсэн.

Яруу найргийн наадмын нэгийн даваа- чөлөөт сэдэв, II шат- “Улз голын буриад хошуу-100” сэдэвт, III шат-БАЯНУУЛ гэдэг үгийг үсгийн дарааллаар шууд шүлэг бичих даалгавартай байлаа. Эрхэм мэргэн шүүгчдийн дүн гарч таван тэнгэрлэг яруу найрагчид шалгаран “Улзын хишиг”-ээ түмэн олныхоо өмнө хүндэтгэлтэйгээр гардан авсан.

Тэргүүн байрын эзэн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч П.Гэрэлхүүг хурдан удмын даага, 800 мянган төгрөгөөр мялааж, дэд байранд шалгарсан Сүхбаатар аймгийн залуу яруу найрагч Б.Анхбаярыг 600 мянга, гурав дугаар байрт шалгарсан МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Мөнхсайханыг 400 мянга, дөрөвдүгээр байрын эзэн МЗЭ-ийн шагналт, Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул яруу найрагч Б.Энхжаргал, айргийн тавд багтсан Дорнод аймгийн уугуул, Дорноговь аймгийн суугуул яруу найрагч Ө.Улаанхүүхэн нарыг 200 мянган төгрөгөөр, оролцогч тус бүрийг 100 мянган төгрөгөөр байлан шагнасан юм.

Энэ үеэр мөн “Улз гол” нийтийн дууны уралдаан ая зохиогч, яруу найрагч, дуучдын бүтээлээр зохион байгуулагдаж 6 бүтээл ирснээс эхний 3 байрыг мөн 800-400 мянган төгрөгөөр шагнасан нь хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучдад мөн ч сайхан урам нэмэв.

За тэгээд хүүхдийн гар зураг, эссээ бичлэгийн уралдаан сурагчдын дунд зохион байгуулснаараа сумын Соёлын төвийн үүдэнд үзэсгэлэн дэлгэн, байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулж урмын галыг нь өрдөж өгсөн дөө. Эссээ бичлэгийн эхний гурван байрыг лавтай 800-400 мянган төгрөгөөр урамшуулсан.

Танхим дүүрэн үзэгчдээс 8 азтан шалгаруулж хурдан удмын даага 1(АА-уяачийн адуунаас), хонь 2 (сумын ЗДТГ), 100 мянган төгрөг 5 хүнд (Улзын хөгжил дэвшил-ХХК) тус тус гардуулж аз хийморийг нь мялаагаад авсан.

Наадам өндөрлөхөд найрагчид, зочдыг үзэсгэлэнт байгаль тэгширсөн “Өүлэн Онон” жуулчны баазад зочлуулан Дорнодын “Нөхөд” хамтлагийн уран бүтээлчидтэй хамт дуулж, бүжиглэж, шүлгээ дуудан сүлд хийморио бадраасан даа.

2022.10.09

Үдэш эхэлсэн наргиан хөгжөөнөө үүрээр шахуу өндөрлүүлж өдөржин бие биедээ эргэж хурган явсаар арай л гэж нэг хүлэг хүлгийн жолоогоо хүссэн хүсээгүй гэрийн зүг залсан даа.

Уг наадмыг дэмжин хандив дэмжлэг үзүүлсэн байгууллага, аж хауй нэгж, хувь хүмүүст Сэцэнханы яруу найрагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Тэр дундаа “Буриад яруу найрагч” хэмээн олноо алдаршсан Цэндийн Бадамдорж агсны хүү Баттөр охид Б.Энхцэцэг, Б.Одцэцэг нарт гялайснаа тусгайлан хэлмээр байна.

Цэгцтэй, цэцтэй, цэлдгэр, цэнзүүргүй сайхан наадам боллоо.

Аян замд ажаалгүй, алтан жолоогоо андуугүй сайхан барьж ирсэн Одонгоо ахдаа мөн талархая.

Дараагийн удаагийн бүсийн наадам даанчиг хол байна даа. Хол байна…

2022.10.10

Сэтгүүлч: Б.Мөнгөнтуул

Зурагчин : Delger New Channel Suren

Холбоотой мэдээ