УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-10-07 37 0

Улсын Онцгой комиссийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.

Аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогоор нийт 4,236.1 мянган толгой мал тоологдсоноосаймгийн дотоодын хэрэгцээнд 358.8 мянган толгой мал, зах зээлд 897.7 мянган толгой мал, нийт 1,256.5 мянган толгой малыг нийлүүлж, 2,979.6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарсан.

Зудын эрсдлийн үнэлгээгээр Бугат, Дэлгэр, Тайшир, Тонхил, Төгрөг, Цогт, Цээл сумдад зудын эрсдэл их, бусад сумдад дунд гэсэн үнэлгээ гарсан. Иймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг 7 сарын сүүл үеэс эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэх 200 тн өвсний тодорхой хувийг

“Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын техник дундын үйлчилгээнд нийлүүлэгдсэн трактор, техник тоног төхөөрөмжийг ашиглан Дархан-Уул аймгаас бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аюулгүйн нөөцийн өвсийг тээвэрлэж ирэх ажлыг гардан зохион байгуулж байгаа юм. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 50тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүй бэлтгэх, иргэд малчдыг нэмэлт өвс тэжээл бэлтгэх, бэлчээрийн даац хэтэрсэн сумдын малын тоог бууруулах, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хариултуудыг өгсөн юм.

Мөн техник дундын үйлчилгээний трактор, тоног төхөөрөмжийг ашиглан аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нөөцлөж буйг сайшаан зөв зүйтэй арга хэмжээ авч ажиллаж байна хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ