ДАРХАН-УУЛ АЙМАГ БРАТСКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН V ДУГААР ФОРУМЫН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧООР ШАЛГАРЛАА

2022-09-22 13 0

ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Братскийн эдийн засгийн V дугаар форум”-д Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, аймгийн Засаг даргын гадаад бодлогын зөвлөх Н.Сувдаа, гадаад харилцааны мэргэжилтэн Г.Бямбацэцэг нар болон “Дархан” нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийг сурталчлан таниулах, бизнес түншлэлийг бий болгох, харилцан туршлага судлах зорилгоор “Дархан нэхий” ХК, “Дархан загвар гоёл” ХХК, “Дархан ноос” ХХК, “Тэс оргил” ХХК, “Дархан ширэн урлал” ХХК, “Дархан савхи” ХХК, “Цайны их зам” ХХК, “Гоёл кашмер” ХХК зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцлоо.

Форумын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун оролцож, Эрхүү мужийн Засгийн газрын гишүүн Зайцев Константин Борисович, Оросын Холбооны Улсын Думын төрийн депутат Якубовский Александр Владимирович, Братск хотын захирагч Серебренников Сергей Васильевич, Черемхово хотын захирагч Семенов Вадим Александрович, Эрхүү мужийн мэргэжлийн холбооны нэгдлийн дарга Коротких Александр Александрович нартай уулзалт хийж, 2 хотын хооронд 2019 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр хотын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инженер, техникийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Братск хотын захирагч Серебренников Сергей Васильевич Дархан нэрийн барааны дэлгүүрийг Братск хотод байгуулахад бэлтгэл хангасан талаар танилцууллаа. Дархан-Уул аймаг нийт 8 аж ахуйн нэгжийн 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг эдийн засгийн форумын үзэсгэлэн худалдаанд танилцууллаа.

Аймгийн бүрэлдэхүүн 2022.09.16-ны өдөр Братск хотын барилгын халаалтын зориулалттай мод, бойлер, үрэлийн үйлдвэр “ДеКом” ХХК, Зөвлөлтийн үйлдвэрлэлийн технологийн дагуу нимбэгний ундаа, рашаан, хиам, сүүн бүтээгдэхүүн, шар айраг үйлдвэрлэдэг “Гелиос” ХК, SiP хавтангаар хийсэн угсармал барилга, 3 давхар хүртэлх байшингийн үйлдвэр БЗМК ХХК, аюулгүй байдал, галын дохиолол ба систем, түлш үйлдвэрлэдэг “Рубеж НПО” ХХК-д тус тус зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Форумын хаалтын арга хэмжээнд Братск хотын дарга Серебренников Сергей Васильевич Дархан хотод тус форумын ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ өргөмжлөлийг гардууллаа.

/эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ