СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН ДАХЬ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

2022-09-21 23 0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл өнөөдөр Баянзүрх дүүрэг, Дарь -эхийн эцэст байрлах нийслэлийн 127-р дунд сургуулийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нарс, шинэс зэрэг нийт найман төрлийн модыг сургуулийн багш, ахлах ангийн сурагчидтай хамтран тарьж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.

✅Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилт буюу төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн 127-р сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар хоёр мянга гаруй хүүхэд сурч байгаа төдийгүй хүн амын нягтаршил ихтэй бүс юм.

✅Мод үржүүлгийн холбооноос нийслэлийн 65 сургуулийн ногоон байгууламж, талбайд судалгаа хийж, нийт 10 сургуулийг сонгон мод тарихаар төлөвлөөд байна. Сургууль цэцэрлэгийн бүсэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох нь агаар, орчин, хөрсний бохирдлыг бууруулахад ач холбогдолтой төдийгүй эрүүл таатай орчныг бүрдүүлэх юм.

/эх сурвалж: БОАЖЯ/

Холбоотой мэдээ