ШҮЛХИЙ ӨВЧИН БҮРТГЭГДСЭН АЙЛЫН ОЙР ОРЧИМД ХЯНАЛТЫН ПОСТ, ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ ГАРГАН АЖИЛЛУУЛЖ, ӨВЧТЭЙ МАЛЫГ НЯДЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

2022-09-20 22 0

Завхан аймгийн Тэс сумаас 8 дугаар сарын 27 нд отор нүүдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Бэрх уулын ар хэмээх газар ирсэн иргэн Л-ын малаас Шүлхий өвчин илэрч энэ нь 9 дүгээр сарын 13-нд Улсын Мал эмнэлэг ариун цэврийн лаборатороор батлагдсан.

Аймгийн Шуурхай штабаас Хонгор сумын Онцгой комисст уг өвчинтэй тэмцэх талаар тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Хонгор сумын Онцгой комиссоос мал нь шүлхийгээр өвдсөн айлын ойр орчимд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллуулж, хорио цээрийн бүсэд мал, машин, хүн оруулахгүй байх арга хэмжээг авч байгааг Хонгор сумын Засаг дарга Т.АТАРХИШИГ мэдээлэв.

Тухайн айл бог, бод нийлсэн 344 толгой малтай. Шүлхий өвчин батлагдсан учир малыг нядлуулах арга хэмжээг авч эхэлжээ. Бэрх уул орчимд 30 гаруй өрхийн 6 мянга орчим мал байна. Айлуудын малыг нийлүүлэхгүй байхад сумын ОК анхааран малчдад сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж.

Өөр аймаг сумаас амьд мал оруулж ирэхгүй, тээвэрлэхгүй байх тухай аймгийн Засаг даргын захирамж өнгөрсөн 8 дугаар сард гарсан. Аймгийн засаг даргын захирамж, аймаг сумын ОК-ын шийдвэрийг зөрчин ийнхүү мал оруулж ирсэн үйлдэлд хатуу арга хэмжээ авахыг малчид мал бүхий иргэдэд анхааруулж, буцаах, малыг нь нядалгаанд оруулах зэрэг арга хэмжээг авна гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа юм.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр салаа туурайт мал, амьтан халдварлаж өвчилдөг. Тухайн өвчин нь малаас хүнд халдварлахгүй ч хүний хөл, машины дугуй зэргээр тээвэрлэгдэн тархах эрсдэлтэй юм байна.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шүлхий өвчний талаарх сэрэмжлүлэг мэдээлэл олонтоо бий ч яг өнөөдрийн нөхцөл байдалд аймгийн Мал эмнэлгийн газрын малын эмч, мэргэжилтнүүд хэвлэл мэдээлэлд яриа өгөхөөс цааргалж ундуйцахын оронд өвчнийг газар авхуулахгүй, голомтыг тэлэхгүй байхад онцгой анхаарч ард иргэд, малчид, албаныханд үнэн бодит мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг өгч эрхэлсэн ажил, хүлээсэн үүргээ ухамсарлан хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

Холбоотой мэдээ