“ТУНГАЛАГ МЭЛМИЙ” ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-09-19 27 0

Монгол цэргийн нэгдсэн холбоо, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нүдний шилний нийгэмлэг”-тэй хамтран “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг энэ оны 09 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

“Тунгалаг мэлмий” хүмүүнлэгийн арга хэмжээний нээлтэд Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Парк Энг Чол, Бүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн тэргүүн Сун Хёнчойл болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нүдний шилний нийгэмлэг”-ийн сайн дурын ажилтнууд оролцлоо.

Энэхүү хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нүдний шилний нийгэмлэг”-ийн сайн дурын ажилтнууд Монгол Улсын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, харааг авто рефрактороор шалгаж, тухайн хүний нүдний хараанд тохирсон шил тааруулж өгч байна.

“Тунгалаг мэлмий” хүмүүнлэгийн арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 13 байгууллагын 1500 орчим алба хаагч, ахмад ажилтан хамрагдав.

Холбоотой мэдээ