МОНГОЛ ГАЗРЫН ЭРҮҮЛ ХӨРСӨНД УРГАСАН ШИМТ ХҮНС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРАХ ЦАГ МӨРӨӨДӨЛ БИШ, УДАХГҮЙ БИЕЛЭХ ЗОРИЛТ ГЭЖ САЛБАРЫН САЙДЫН ХУВЬД БОДЛОГОО ТОДОРХОЙЛЖ АЖИЛЛАХ БОЛНО

2022-09-19 79 0

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээ өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр (2022.09.19) албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг өдөрлөг 17 дахь жилдээ болж байгаа бөгөөд эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Даваабаяр, Хүнс үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Тэрбишдагва, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээлтийн үеэр “Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 50 орчим хувь хөдөлмөрлөж, ДНБ-ий 32.3 хувийг үйлдвэрлэж байна. Энэ том салбарын өмнө тулгамдсан зорилтыг цаг алдалгүй шийдвэрлэх, хөрөнгө оруулалт татах, тогтолцооны хувьд эрс шинэчлэл хийх зорилгоор 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”-ийг зарлаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталж, энэхүү тогтоолыг ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өргөн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид шинэ технологи, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн, үйлдвэр, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл бий болгоход төрийн бодлого, дэмжлэгийг салбарын сайдын хувьд бүрдүүлж ажиллах бөгөөд жирийн олон тариаланчид энэ боломж тэр бүр олдохгүй байна. Би олон тоо хэлмээргүй байна. Яагаад гэвэл тэр их ургацыг яам тариагүй, тариаланчид ард иргэд та бүхэн тарьсан юм.

Намрын намарт хэдхэн өдөр Улаанбаатар хот болон суурин газрууд айлуудын хөргөгч, ногоороод өнгөрөх биш, жилийн дөрвөн улиралд ногоон өдрүүд байх ёстой юм. Энэ бол ард түмнээ эрүүл чанартай, тогтвортой үнэтэй хүнсээр хангах төрийн өмнөөс үүрэг хүлээсэн ХХААХҮЯ-ны бодлого зорилго юм. Бүр цаашлаад монгол газрын эрүүл хөрсөнд ургасан шимт хүнс дэлхийн зах зээл дээр гарах цаг ч мөрөөдөл биш, удахгүй биелэх зорилт гэж салбарын сайдын хувьд бодлогоо тодорхойлж ажиллах болно” гэлээ.

Холбоотой мэдээ