ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2022-09-16 11 0

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийн газартай хамтран “Суралцагч байгууллага төрийн албаны манлайлал” хөтөлбөрийн хүрээнд “Эерэг сэтгэлгээ хувь хүний хөгжлийн цогц” сэдэвт 5 өдрийн 40 академик цагийн багц сургалтыг зохион байгуулж байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Манай аймгийн хувьд чадварлаг төрийн албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа. Бид “120 айлын төрийн албан хаагчийн орон сууц” барих төслийг амжилттайгаар хэрэгжүүлж, 600 гаруй иргэдийг тохиолог, орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлсэн. Мөн энэ хөтөлбөрийнхөө хүрээнд төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх шат дараалсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Энэ удаагийн сургалтад сонгогдож сургагч багшаар бэлтгэгдэхээр ирсэн та бүхэндээ өөрийн байгууллага, сум, тосгоны бусад төрийн албан хаагчдаа сургаж блтгэх үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Төр, иргэний гүүр нь болж байдаг төрийн албан хаагчид бид бүхэн эерэгээр сэтгэж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлснээр тулгарч байгаа олон асуудлыг бүтээлчээр шийдвэрлэж, үйлчлүүлж байгаа иргэддээ инээмсэглэл дүүрэн үйлчилгээ үзүүлэх учиртай” гэлээ.

Хүний хөгжлийн цогц болсон энэхүү сургалтын сургагч багшаар “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийн сургагч багш Н.Энхбаатар, Б.Төмөр-Очир нар ажиллаж байна.

Сургалтад Алтанбулаг, Баянгол, Баруунбүрэн, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхонтуул, Сант, Сайхан, Сүхбаатар,Түшиг, Хушаат, Цагааннуур, Шаамар сумдын төрийн албан хаагчдын төлөөлөл хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдэж байгаа юм.

Сургалтын хүрээнд “Эерэг харилцаа”, “Харилцааны 5 зарчим”, “Өөрийгөө бүтээх нь”, “Эерэг хандлага”, “Гоо зүйн боловсрол”, “Илтгэх ур чадвар”, “Жинхэнэ манлайлал”, “Бүтээлч сэтгэлгээ”, “Өөртөө эргэлзэх ур чадвар” зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид шинэ мэдлэг мэдээллийг авч, дадлага ажлаар баталгаажуулан сурч мэдсэнээ байгууллага, сум орон нутагтаа түгээн хэрэгжүүлнэ.

/эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ