ОДООГООР ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ 50 ГАРУЙ ХУВИЙГ ХУРААГААД БАЙНА

2022-09-15 36 0

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил нийт 22180.87 га-д тариалалт хийсэн. Үүнээс төмс 646.4 га талбайд, хүнсний ногоо 1525.3 га талбайд тус тус тариалсан байна. Ургацын урьдчилсан балансаар 7.7 мянган тонн төмс, 17.6 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж тооцоолжээ.

Одоогийн байдлаар төмс, хүнсний ногооны хураалт 50 гаруй хувьтай байна. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол ургацаа бүрэн хурааж улаанбуудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байгааг ХХААГ-аас мэдээлж байна.

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн гол тулгамдаж буй асуудал нь хүн хүчний дутагдал байна. Сүүлийн 4 жилийн судалгаагаар намрын ургац хураалтад хүн хүч хүрэлцэхгүйгээр төмс, хүнсний ногооны 120-250 га буюу дунджаар 1400-2100 тонн ургацыг хураан авч чадахгүй талбай дээр нь хөлдөөжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн ХХААГ-т 6 аж ахуйн нэгж, 52 иргэн 718 ажиллах хүчний захиалга ирүүлжээ.

Одоогоор төмс, хүнсний ногооны хураалтанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түр ажилтан 126, их сургуулийн 303 оюутан, 12 аж ахуйн нэгж, иргэний талбайд ажиллаж байна. Тухайлбал Орхон сумын Шинэ-Орчин трейд ХХК-ийн урагцын талбайд орон нутгаас ажилах хүчин олдохгүй байгаа учир Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 40 цэрэг ирж ажиллаж байна.

Харин УГТХ-ийн элит үр үйлдвэрлэлийн талбайд ХААИС-ийн 2-4 дамжааны 29 оюутан багшийн хамт ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт ургац хураалт 11 хувьтай. Ажиллах хүчний дутагдлыг эс тооцвол одоохондоо төмс, хүнсний ногооны хураалтын ажил хэвийн үргэлжилж байна.

Аймгийн ХХААГ-аас “Өвөлжилт хаваржилтийн болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” албан даалгварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

/эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ