МҮЭХ 2023 оны төсөвт цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх санал шаардлагыг тавилаа

2022-09-15 27 0

МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2022.09.15/ Монгол улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барихаар болж, хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлэл хийлээ. Тус хуралд МҮЭ-ийн холбооны салбар холбоодын дарга нар оролцож, тулгамдсан асуудлуудын хүрээнд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ “Монгол улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барих гэж байна. МҮЭ-ийн холбооноос 2023 оны төсвийн төслийг боловсруулах явцад саналаа хүргүүлсэн.

Мөн төсвийн төсөлтэй урьдчилсан байдлаар танилцахад ирэх онд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг доривтой нэмэх асуудал тусаагүй байна. Энэ төсвийг МҮЭ-ийн холбоо цалин хөлс, нийгмийн хамгааллыг нэгдүгээрт тавьсан төсөв байгаасай гэж хүсэж байна. Ард иргэдийн цалин хөлс сүүлийн 10-аад жилд 40 орчим доллароор л нэмэгдсэн байна. Гэтэл бодит орлого 20-30 унасан. Бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар доод тал нь 20, дээд тал нь 40 хувь нэмэгдсэн байна.

Ийм нөхцөлд ард иргэд улсын төсвөөс хамгийн түрүүн цалин хөлс нэмэгдүүлэх, аж амьдралд нь нэмэр болох зүйлийг л хүснэ. Тиймээс МҮЭ-ийн холбоо ард иргэдийн санал хүсэлтийн хүрээнд шаардлагаа тавьж, саналыг хүлээж авч хэрэгжүүлээгүй нөхцөлд тэмцлийн арга хэмжээнд шилжинэ.

Цалин огт нэмээгүй байхад 2022 оны дунд үед бодит инфляци 30-40 хувьд хүрсэнийг бид мэднэ. Энд мөн цалин хөлсний хомсдолтой холбоотой нэг ноцтой асуудлыг дэлгэе. МҮЭ-ийн холбоо өнгөрсөн зургаан сарын хугацаанд 10-аад аймгаар явж ажиллалаа. Төрийн алба боловсон хүчний хомсдолд орсон байна. Өнөөдөр 500-600 төгрөгийн цалинтай байгууллагад хэн ч ажиллахыг хүсэхгүй байна. Бид цалин хөлсний асуудал дээр онцгой анхаарч доривтой арга хэмжээ авахгүй бол ганц ард иргэдийн амьжиргаа биш өөр олон муу үр дагаваруудыг амсахаар байна” хэмээгээд Засгийн газар болон Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт “Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэсэн амлалт өгч байсныг сануулж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг оруулснаа дахин мэдэгдэв. Мөн тэрээр “Цалин хөлс нэмэх эх үүсвэрийн тухай ярьвал УИХ-ын гишүүд тойрогтоо хуваарилаж буй 4 тэрбум төгрөг /Нэг гишүүнд 4 тэрбум буюу нийт 304 тэрбум төгрөг/-өөс татгалзвал иргэд, хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээв.

/Эх сурвалж: МҮЭХ/

Холбоотой мэдээ