ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮҮХЭД ХОХИРСОН ТОХИОЛДОЛ 2.1 ДАХИН ӨСЖЭЭ

2022-09-15 10 0

Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн төв Есөнбулаг сумын сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага болох 10 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийжээ.

Уулзалтаар 2022 оны эхний хагас жилд тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцуулан, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нарт эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулах, цэцэрлэг бүрд хууль зүйн мэдээллийн самбар байршуулах зэргээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Тус аймагт 2022 оны эхний хагас жилд хүүхэд хохирсон гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн байна. Тодруулбал, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 3, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 2, Өмчлөх эрхийн эсрэг 2 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол гарчээ. Үүнээс  9 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн бол одоогоор 4 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна.   

Холбоотой мэдээ