Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулж байна

2022-09-15 31 0

НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн гүйцэтгэгч болох зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээний “Валью Юнайтэд Партнерс” ХХК Булган аймагт ажиллаж, бүх сумдын төлөөллийг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр судалгааны ажлын явцыг танилцуулж, санал солилцжээ.

🔹Тус компани Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд, эдгээрийн 2030 он хүртэлх хэтийн төсөөлөл, хөгжил дэвшил, аймаг, сум суурингуудын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, ядуурал, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон хүчин зүйлийг авч үзэж, янз бүрийн бодлого, төлөвлөлт нь эргээд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг загварчлах ажлыг гүйцэтгэж байна.

🔹Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд болох 80 орчим үзүүлэлтээр стратеги, хөгжлийн динамик загвар боловсруулж хүлээлгэж өгснөөр хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн зохистой түвшин, зүй зохистой хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний янз бүрийн бодлогын хувилбаруудыг харьцуулан үнэлэх, төлөвлөх боломж бүрдэнэ.

🔹Систем динамикийн загвар нь Америкийн Нэгдсэн Улсад 1960-аад оны эхээр зохион бүтээгдсэн, нийгэм, эдийн засаг, байгаль орчны гурван хүрээний цогц асуудлын суурь үзүүлэлтүүд, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйл, ирээдүйн чиг хандлагыг тооцдог математик аргачлал юм.

/эх сурвалж: МҮХАҮТ/

Холбоотой мэдээ