БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ТООЦСОН АРГАЧЛАЛ

2022-09-15 28 0

Монгол Улсын Засгийн Газрын 5-р тогтоолын 3 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг 4 шалгуур, 13 үзүүлэлтийн хүрээнд үнэлсэн болно.

Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг суралцагчийн сурах үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох бичгийн шалгалт (1-12-р ангийн суралцагч), суралцагчийн хөгжил, хамгаалал, төлөвшил, багшийн мэргэжлийн хөгжил, сургууль ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг суралцагч (5-12-р ангийн суралцагч), эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, багшийн өөрийн болон удирлагын үнэлгээний асуулгаар үнэлж хэмжээсжүүлсэн.

Үнэлгээний асуулгад хамрагдсан оролцогч талууд болон харгалзах оноог авч үзвэл:

Багш /өөрийн үнэлгээ/-10 оноо;

Суралцагч /сурах үйл ажиллагаа, багшийн тасралтгүй хөгжил, хамгаалал/-17 оноо;

Эцэг эх, асран хамгаалагч /суралцагчийн хөгжил хамгаалал/-5 оноо;

Сургуулийн захирал /багшийн тасралтгүй хөгжил, олон нийтийн үйл ажиллагаа/-7 оноо;

Сургалтын менежер /суралцагчийн сурах үйл ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа/-11 оноо;

Нийгмийн ажилтан /суралцагчийн хөгжил, хамгаалал/-5 оноо;

Заах аргын нэгдийн ахлагч/багшийн тасралтгүй хөгжил/-10 оноо;

☑️ Бичгийн шалгалт /суралцагчийн сурах үйл ажиллагаа/-35 оноо;

Бичгийн шалгалт болон үнэлгээний асуулгад оролцох суралцагчийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд ингэхдээ тухайн багшийн хичээл ордог ангиас суралцагчдын тоог харгалзан нэг ангийг санамсаргүй байдлаар сонгож, хүйсийн харьцааг тэнцүү байхаар түүвэрлэлт хийгдсэн.

Нийт гүйцэтгэлийн 65 хувь нь үнэлгээний асуулга , 35 хувь нь бичгийн шалгалт байсан бөгөөд үр дүнг байршил /аймаг, нийслэл, сум/-аар болон судлагдахуун (математик, монгол хэл гэх мэт)-аар бүлэглэн тооцоолсон.

Багш нарыг 6 түвшинд индексжүүлсэн. Энэ нь та ижил байршилд байгаа ижил судлагдахууны багш нартай харьцуулагдан үнэлэгдсэн гэсэн үг юм. Байршил, судлагдахуунаар түвшин бүрд харгалзах интервал утгуудыг дараах хүснэгтэд харууллаа.

/эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв/

Холбоотой мэдээ