ХИЛЧИН ЦЭРГҮҮД “ОЙЖУУЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО

2022-09-14 15 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хил хамгаалах ерөнхий газартай өнгөрөгч 08 дугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, чадамжид суурилсан хөтөлбөр, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, ахмад хилчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэн зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдэж, “Ногоон хэрэм” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд хилийн анги, салбаруудад нийт 500 гаруй хугацаат цэргийн албан хаагчид болон энгийн ажилчид Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх Тайгын хилчин сургалтын төвд ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдсан.

Сургалтад хамрагдаж төгссөн нийт хугацаат цэргийн албан хаагчид болон энгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ баталгаажуулалтыг 09 дүгээр сарын 1-14 ний хооронд Дорнод аймгийн хилийн цэргийн 0132, Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131, 0166 дугаар анги салбаруудад амжилттай зохион байгууллаа.

Үнэлгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д.Болортуяа, үнэлгээний ажилтнаар Эрдэмтэн агрономич А.Оюунгэрэл, Хил хамгаалах дээд сургуулийн ар талын албаны ойжуулагч мэргэжлийн багш Н.Галбадрах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн агрономич Ж.Мөнхбаяр нар удирдлага арга зүйгээр ханган ажиллаа.

Үнэлгээ онол болон, ур чадварын сорилоор явагдсан бөгөөд онолын үнэлгээнд 70 хувиас дээш, ур чадварын үнэлгээнд 85 хувиас дээш үнэлэгдсэн тохиолдолд чадамжтай гэж үнэлэгдэж, чадамжийн гэрчилгээ олгох юм.

Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0166 дугаар анги говь цөлийн бүсийн мод үржүүлгийн төв Агропарк байгуулж, 6 төрлийн 320 мянган ширхэг мод тарьж ургуулсан байна. Мөн усан сан байгуулж, усалгааны асуудлыг шийджээ.

Тус ангид алба хааж буй хилчин цэргүүд хил хамгаалах үндсэн үүргийнхээ хажуугаар говь цөлийн бүст мод тарьж давхар мэргэжилтэй болж, байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсынхаа дархан хилийг манахын сацуу говь цөлийн бүст мод тарьж, ургуулж буй хилчин цэргүүд, энгийн ажилчдаар бахархахгүй байхын аргагүй байлаа.

Эх сурвалж: Хил Хамгаалах Ерөнхий Газар, Хил хамгаалах байгууллага

Холбоотой мэдээ