НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ ЭНЭ ОНДОО БАГТААН 50-60 ХУВЬД ХҮРГЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2022-09-14 18 0

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Өмнө нь Үндэсний хороог Ерөнхий сайд ахлан ажиллаж байсан. Харин хойшид Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тус хороог ахалж ажиллах юм.

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Үндэсний хорооны хуралдааныг зохион байгууллаа. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Үндэсний хороо цаашид анхаарч ажиллах асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, асуудлыг цогцоор нь шийдэхийг даалгав.

Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Засгийн газраас шахуу хугацаанд эрчимтэй ажиллах үүрэг өглөө. Энд онцлон хэлэхэд манай албан хэрэгцээнд холбогдох албадаас гаргаж өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд статистик мэдээллээ нэг болгох хэрэгтэй. Дараагийн яаравчлан хийх ажил бол нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг энэ ондоо багтаан 50-60 хувьд хүргэх шаардлагатай байна. Түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэрхүү бүс нь ямар онцлогтой байх, тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй байхыг зааж өгөх нь зөв болов уу. Түгжрэлийг бууруулахад хүн бүхний оролцоо чухал учир төр, иргэд, хувийн хэвшлийнхний гурамсан оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй” хэмээн өгүүллээ.

Үндэсний хороо цаашид салбар дундын зохицуулалтыг чухалчилна гэдгийг онцлон мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ