ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХАМГААЛАХ ЗАМААР ХҮНСНИЙ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-09-13 5 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Өмнөдөөс Өмнөд дэх хөгжлийн экспогийн салбар хурал болох “Өмнөд дэх тогтвортой хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн хамгаалах аргыг хөгжүүлэх замаар хүнсний тогтолцоог өөрчлөх нь” хуралдаанд оролцож дээрх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцууллаа. 

Монгол Улсад НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) – БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагааны хүрээнд 2010-2016 онд хэрэгжсэн тус хөтөлбөрөөр мал аж ахуй, газар тариалан, тэр дундаа хүлэмжийн аж ахуй, туслах аж ахуй, зөгий болон загасны аж ахуй зэрэг олон салбарт шинэлэг туршлагыг нэвтрүүлсэн. Хөтөлбөр нь өмнөдийн улс орнууд дунд загвар тогтоосон сайн туршлага болсныг талууд онцоллоо.

НҮБ-ын ХХААБ-аас бусад улс орнуудад хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилгоор хамгаалах аргыг онцлон хэрэгжүүлдэг. Энэхүү арга нь хөдөө аж ахуйд инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэлийг илүү байгальд ээлтэй болгох, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Үүгээрээ давуу талтай. Ази, Номхон Далайн бүсэд Хятад, Энэтхэг улсад хөдөө аж ахуйг хамгаалах аргыг түлхүү нэвтрүүлж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ-аас бусад орнуудад мөн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Хөдөө аж ахуйг хамгаалах арга нь хөрсний эрүүл мэнд, хөрс хамгаалахад голчлон анхаарч тус салбарт техник эрчимтэй нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог. Тус хөтөлбөрөөр Хятадад хэрэгжүүлж буй хамгийн сайн туршлагуудыг бусад оронд нэвтрүүлэхдээ тухайн орны нөхцөл, орчинд тааруулдаг бөгөөд одоогоор Дэлхийн Өмнөдийн орнуудад амжилттай хэрэгжиж байна. ХАА-н механикжуулалт, инновацыг сайжруулснаар салбарын бүтээмж нэмэгдэхээс гадна хөдөлмөр хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн зардлыг багасгах,  салбарт шинээр орох залуусын тоог урт хугацаанд нэмэгдүүлэх сайн талтай.

/эх сурвалж: ХХААХҮЯ/

Холбоотой мэдээ