ТАТВАРЫН ЗОРИЛГООР ИЛ ТОД БАЙХ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЗИЙН САНААЧИЛГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-09-08 25 0

Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл харилцан солилцох глобал форум”-ын гишүүн бөгөөд бусад гишүүн 168 оронтой татварын зорилгоор ил тод байдлыг дэлхий даяар хангах, харилцан мэдээлэл солилцох стандартыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна.

Азийн санаачилгад нэгдэн орсон гишүүн орнуудын 2 дахь дээд хэмжээний татварын байгууллагуудын уулзалт 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Индонез Улсад зохион байгуулагдлаа. Татварын зорилгоор ил тод байх, харилцан мэдээлэл солилцох, автоматаар харилцан мэдээлэл солилцох, сайн дураар ил тод тайлагнах, эцсийн өмчлөгчийг тодорхойлох, олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга зам, бусад орнуудын туршлага, зэрэг асуудлаар санал солилцлоо. Энэ арга хэмжээнд Үндэстэн дамнасан корпорацийн эцсийн өмчлөгчийг тодорхойлж, бүртгэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон хуулийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагаанд тулгарч буй сэдвээр Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга М.Өлзийбат нар мэдээлэл хийж оролцлоо.

Татварын зорилгоор ил тод байх стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2022 оны 7 дугаар сарын 15нд Азийн санаачилгын тунхаг бичигт Азийн 15 улс нэгдэж Монгол Улс харилцан, хамтран ажиллахаа илэрхийлсэн байдаг. Тунхаг бичиг нь Азийн бүс нутгийн улс орны хамтын ажиллагааг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох арга хэмжээг нэмэгдүүлэн дотоодын орлогыг нэмэгдүүлэх, татвараас зугтаах болон хууль бус санхүүгийн гүйлгээг таслан зогсоох зорилготой юм.

Холбоотой мэдээ