ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООГ ТОНОГЛОГДСОН ГАЛТ ТЭРЭГ, АВТОБУС, МАШИНААР АЛСЛАГДСАН ДҮҮРЭГ, ОРОН НУТАГТ ХИЙЖ БАЙНА

2022-09-07 64 0

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 296,505 иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаж, нийт 150,968 өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны үр дүнд өвчнөө эрт мэдэж арга хэмжээ авч буй иргэд олон байгаа.

Иймд энэ ажлыг эрчимжүүлэх, үзлэгтээ хамрагдах хүсэлтэй ч байршлын хувьд алслагдсан иргэдэд хүрч үйлчлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал 2021 оны 5 сараас Батлан хамгаалах яамтай хамтран иж бүрэн тоноглогдсон автомашинуудыг орон нутагт илгээж эхэлсэн билээ.

Эрүүл мэндийн яамны зүгээс алслагдсан дүүрэг ба орон нутгийн иргэдийн дунд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог иргэдэд ойртуулах үүднээс УБТЗ-тай хамтран эмнэлгийн үзлэг, оношилгооны иж бүрэн тоноглогдсон явуулын галт тэргийг орон нутагт илгээсэн билээ. Тус галт тэрэг нь төмөр зам дагуух төв суурин газарт хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах юм. Энэхүү ажлын үргэлжлэл болгож Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн иргэдэд эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хүртээмжтэй болгох үүднээс эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автобусыг ашиглаж эхэллээ. Энэхүү автобусыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо.

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдах хүсэлтэй ч ажлын цаг боломж нь хомс. Эмнэлэгт олон шалтгааны улмаас очиж чаддаггүй. Эсвэл гэр нь алслагдсан учир унаа тэргээр зорчиж эмнэлэгт очих боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд явуулын авто машин, автобус бүхий үзлэгийн баг очиж үзлэг, оношилгоог хийх юм.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгооны ажлын үр дүнг нэмэгдүүлэх болно. Яамны зүгээс аль болох иргэн бүртээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн төлөө боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна

Холбоотой мэдээ