САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙН НИЙГЭМЛЭГИЙН ДЭЛХИЙН БОДЛОГЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

2022-09-07 22 0

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Йорданы Төв банктай хамтран зохион байгуулж буй Дэлхийн бодлогын форумд Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга, тус нийгэмлэгийн Зүүн европ, төв азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын дарга Д.Баярсайхан төлөөллийн хамт оролцож байна.

“Уян хатан, хүртээмжтэй, тогтвортой ирээдүй рүү хамтдаа” сэдвийн дор Йорданы Хашимитын Вант Улсад энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форумд дэлхийн 80 гаруй орны 500 гаруй санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны төлөөлөл болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож “Ковид-19” ба дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал цаашилбал цар тахлын дараах санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, нээлттэй болгоход чиглэсэн бодлого, түүнийг үр өгөөтэй хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар хэлэлцэх юм.

“Санхүүгийн хүртээмжийн стратеги”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” зэрэг нийт 7 ажлын хэсгийн хурлаар форум өчигдөр эхэлсэн бөгөөд СЗХ-ны төлөөлөл ажлын хэсэг тус бүрийн хуралд оролцож санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, түүний шийдэл, сайн туршлагын талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

2023 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ МОНГОЛ УЛСАД БОЛНО

Харин өнөөдөр Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Зүүн европ, төв азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын 10 дахь удаагийн хурал боллоо. Хурлыг ECAPI-ын дарга Д.Баярсайхан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Ковид-19” цар тахлын үед дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тулгарч буй томоохон сорилтуудыг үл харгалзан Зүүн европ, төв азийн бүсийн санаачилгын гишүүн орнууд санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах, санхүүгийн мэдлэгийг бэхжүүлэх чиглэлд амжилттай хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлээд бүсийн санаачилгын даргын хувьд бүс нутаг дахь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд өмнөх ололт амжилтаа бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Хурлаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан бодлогын өөрчлөлт, шинэчлэл, шинэ санаачлагууд болон цар тахлын дараах арга хэмжээнүүдийн талаар гишүүн байгууллагууд санал солилцлоо. Энэ үеэр дараагийн ээлжит хурлыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн жилийн тайлангийн хурал болж өнгөрсөн оны ажлаа дүгнэхийн зэрэгцээ ирэх онд анхаарч ажиллах үндсэн чиглэл болон нийгэмлэгийн үйл ажиллагаа, статусыг өргөжүүлэх тухай хэлэлцсэн юм. Түүнчлэн “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд дугуй ширээний уулзалт мөн боллоо. Уулзалтад санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны буюу гишүүн байгууллагуудын гол удирдлагууд, хувийн хэвшлийнхний төлөөлөл зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцож санал бодлоо солилцсон юм.

Маргааш Дэлхийн бодлогын форумын нээлт албан ёсоор эхлэх бол нөгөөдөр буюу энэ сарын 8-нд Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн шагнал гардуулах ёслол /AFI Global Awards/ болно. Мөн энэ өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Др.Альфред Ханниг хүлээн авч уулзана. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа болон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцоно.

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/ нь дэлхийн санхүүгийн хүртээмжийн бодлого тодорхойлогч, олон улсын бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм.

Холбоотой мэдээ