ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 26 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ, НИЙТ 97 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАВ

2022-09-07 17 0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 29- өөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн нийт 721 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хууль бус дуудлага худалдаа зохион байгуулж “Лексус-570” маркийн, “Тоёота Хайс” маркийн болон “BMW-535” маркийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн хамаарал бүхий “Э”, “Б” нарт хямд үнээр худалдан борлуулж, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Б” нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн бараанд гаалийн хяналт, шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн “И”-с хахууль өгөхийг шаардсан гэх;
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий ААН-үүдийн тээврийн хэрэгслийг журамд заасны дагуу үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сард нэр бүхий ажилтнуудынхаа дансаар мөнгө гаргуулан авч хувьдаа завшсан гэх;
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж, 10 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Холбоотой мэдээ