ШУУДАЙ САМАРНЫ ТӨЛӨӨ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН МОДДЫГ “БАЛБАЖ” СҮЙТГЭЖ БАЙНА

2022-09-06 31 0

 Бид Экологийн цагдаагийн алба болон Богдхан уулын хамгаалалтын захиргааны алба хаагчидтай хамтран Түргэний амруу орохоор хөдөллөө. Энхэл, донхол бартаатай замаар дээш өгсөх үед цонхоор ширтэж эргэн тойрныг ажихад уулын гүнд ямар нэгэн юмийг хүчтэй балбах чимээ сэмхэн дуулдана. Уулын гүнд машин цааш явах боломжгүй болж тэнхээгээ барсаар эцэстээ зогсох болов. Харин бид цааш үргэлжлүүлэн самарчдын отгийг илрүүлэхээр ойруу дөнгөж ортол, нүдний үзүүрт хар юм гүйж үзэгдэхтэй зэрэгцэн хамт байсан цагдаа нар “Тэр хүнийг араас нь барь” гэж чанга дуугаар хэлэх шиг болов. Саяхан нүдэнд ойрхон байсан өнөөх хүн, биднийг энд тэвдэх зуур ор мөргүй алга боллоо. Тэр хүнийг одоо барьж авахаас өнгөрлөө гэж бодоод дэмий л тэвдэж зогсоно. Ингээд цааш 500 метр алхахад хэсэг хүмүүс уул уруудан, отоглосон газар руугаа чиглэж явна. Энэ бол бидний илрүүлсэн эхний отог. Хэд хоногийн турш тасралтгүй усан бороо цутгаж, хүйт даасан чийгтэй хөрсөн дээр, хөрөөдсөн модоор бэхлэж уясан урцанд хэрхэн хоног төөрүүлж байгаа нь хачин санагдана. Гаднаа нилээд шуудайтай самар өрж тавьчхаад, ил галын дэргэдүүр гал тогооны хэрэгслүүдээ цувуулж тараасан энэ хүмүүсд тохь, тух гэж үгүй. Ер тэгээд самарт л горьлож ирсэн хойно байгальтай дасан зохицож хоног элээж л байвал энэ мэт нь хамаагүй биз гэж санагдана. Албаны хүмүүс тэдэнд шаардлага тавин самрыг хурааж, яаралтай уулнаас буухыг шаардав. Хэдэн шуудайтай самраа сахин дэргэд нь зогссон нэгэн эмэгтэй

“Хэн, хүнгүй амьдрал хэцүү байна шүү дээ, хичээл сургууль эхлэх гэж байгаа болохоор хэдэн төгрөгийн бараа харах гэж л явна. Төр засаг, нийгмийнхээ байж байгаа царайг хар, хэдүүлээ ойлголцоод өнгөрчихөж болохгүй юм уу” гэх зэргээр амандаа зөөлөн бувтнана.

              Дархан цаазат газрын бүсэд ургамал, жимс, ан ав хийхийг хуулиар хорьсон байхад тохиролцох талаар албаны хүмүүсд дуулгах нь тохиромжгүй л баймаар. Энэ үед цагдаагийн албан хаагч болон байгаль хамгаалагчид шаардлагыг үргэлжлүүлэн тавьж отгийг буулган, ойгоос гаргахаар болов. Тэдний дунд байсан нэгэн эмэгтэй “Манай гэр бүлтэй нийлээд таван айл энд ирсэн. Богд ууланд самар, жимс түүж болохгүй байсан талаар ямар ч хуулийн мэдлэг надад байгаагүй. Би зүгээр л нэг танилаа дагаад энд ирсэн. Хүмүүс эндээс удаа дараа самар түүгээд мөнгө олж болдог болохоор бид ч гэсэн болох юм байна гэж бодсон. Гэтэл ирсний дараа ийм зүйл болно гэж санасангүй. Самар түүх тийм ч амар зүйл биш юм байна. Хөдөлмөрлөн байж түүсэн хэдэн самраа одоо ингээд хураалгачихна гэхээр хайран санагдаж байна. Монголын нийгэмд амьдрах хэцүү, ажил олдохгүй, үр хүүхдээ тэжээхэд хүндрэлтэй байгааг бүгдээрээ л мэдэж баймаар. Гэхдээ бид цаашдаа тодорхой заасан хугацаанд нь түүхийг зөвшөөрсөн бүсэд хууль дүрмээ дагах болно” гэв. Отгийн хүмүүсийн дунд нэгэн хүдэр биетэй залуу модон мунаар хушыг цохиж самар унагаадаг гэдгээ хэлэв. Тэрбээр анх ирэхдээ хоёр муна олсон бөгөөд түүнийгээ ашиглаж байгаа аж. Харин үүн дээр албаныхан яаралтай арга хэмжээ авч муныг дахин ашиглах боломжгүй болгоод  явсан юм. Отгийн байрлалын эргэн тойрон ярандаа баригдаж, давирхай нь урссан хуш моднууд хүний гарт ингэж гэмтсээр байв. 

МӨНХЗУЛ: ТА НАР НАМАЙГ НЭГ ШИРХЭГ САМАРТАЙ МИНЬ Ч БОГД УУЛНААС ДАХИЖ ОЛОХГҮЙ 

              Отгийн хүмүүсийг уриалан толгойлж ууланд авчирсан Мөнхзул 10 гаруй жил самар түүжээ. Мөн тэр хувийн Зил-130 машинтай бөгөөд цагаан өнгийн ачааны Фортер машинтайгаа энэ удаа ирсэн гэнэ. Эмээлт захад хонь борлуулахаас авахуулаад хийгээгүй ажил гэж түүнд үгүй гэх. Хэл яриа нь ч хэн хүнд дийлдэхгүй. Тэрбээр биднийг очход “Би олон хүүхэдтэй хүн амьдрахын тулд үүнээс өөр арга үнэхээр алга. Та нар миний самрыг бүгдийг нь хураах гээд байгаа юм бол би доороос өөрийнхөө машиныг гаргаж ирээд тушаах газарт чинь хүргээд өгье” гэж ажрахгүй чангаар хэлэв. Богдхан уулын хамгаалалтын албанаас дахин Богд ууланд гарч самар түүхгүй гэх баталгаа гарган гарын үсэг түүгээр зуруулж авлаа. Албаны байцаагч ахиж гарахгүй байх талаар сануулахад тэрбээр

“Харж л байя, дахиж намайг олоод миний самрыг яг л хурааж харагдаач, нэг ширхэг самартай ч намайг олохгүй газар би байх болно. Тэгээд ч энэ самар чинь газарт унаад хэнд ч хэрэггүй хатаад дуусна. Түүхээс өөр яах юм.

Ер нь та нар уул, ус ухаж байгаа хятадуудаа барьж хорихгүй байж ядарсан биднийг ингэж дарамтлаад яах юм. Надаас өөр хөлөө олсон хүмүүс энэ уулаар дүүрэн байгаа. Тэд нарыг олж чадахгүй байна уу. Бид амьдрахын тулд л ингэж байна. Хотод барилга дээр ажиллая гэхээр цалингаа өгдөггүй. Дээрээс нь өгч байгаа цалин нь бидний хэрэгцээнд хангалтгүй байна. Түүсэн самраа одоо хураагаад 10 сард зарвал өндөр үнээр худалдаж мөнгө олдог. Хушны самар энэ жил бороо ихтэй байгаа болохоор ус гүйж амтгүй болсон ч болц сайн байгаа. Би энэ зэргийн мэдлэгийг олон жил хуримтлуулсан” гэв. Энэ мэтчилэн албаны хүмүүсийн шаардлагын хариуд тайлбар өгсөөр байв. Хамт ирсэн хүмүүстээ “Самар түүх боломж бүрэн бий” хэмээн удирдан гарч ирсэн байна. Тэрбээр хамт ирсэн хүмүүсдээ хандаж “Чи дээшээ гүйгээд машины түлхүүр авчир, харин бусад нь самарнуудаа бүгдийг нь буулгаад ир. Хурдал, ингэ, тэг” гэхчлэн харцаараа бүгдийг нь хөдөлгөх аж. Ингээд тэрбээр маргааш өглөөний 10 цагт экологийн цагдаагийн албанд ирэхээр болоод амны доор байрлуулсан фортер машин руугаа явав.

ААВЫГАА ДАГАЖ САМАРТ ГАРСАН 13 НАСТАЙ ХҮҮ: ААВ МОДОНД АВИРЧ, САМАР УНАГААХАД НЬ БИ ТҮҮДЭГ 

“Тэд ярьдаггүй ч гэсэн яг л хүн шиг. Хэрэв ингэж гэмтсэн тохиолдолд энэ ярны цаанаас давирхай нь гарч ирэн аливаа хортон шавжнаас өөрийгөө хамгаалдаг. Нөхөх сэргээгдэх гэж 20 жилийг зарцуулна. Энэ хугацаанд халцарсан хэсэг бүрэн нөхөгдөх үгүй нь ч тодорхойгүй байдаг. Хүмүүс өөрсдөө ийм ухамсаргүй үйлдэл гаргаснаас болж дархан цаазтай газар ийм дүр төрхтэй болж байна” 

      хэмээн Богдхан уулын хамгаалалтын захиргааны алба хаагч хэлж байлаа.  

                Дараагийн отгийн байршлыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол эдгээр хүмүүс юм. Бид цаашлан хяналт шалгалтаа үргэлжлүүлэхээр дараагийн байршлыг заалган яаравчлан зэхлээ. Бүдэг жимээр холгүй явсаар түүдэг галын утаа савсан, шуудайтай самар цохих чимээ ойртоно. Тулаад очвол гэр бүлийн хүмүүс бололтой. Ойн дунд ил гал дүрэлзүүлэн асааж, шуудайтай самраа балбаж сууна. Биднийг очход мөн л сандарч тэвдэн, ийш тийш гүйлдэж байж суух аргаа олохгүй байв. Албаны хүмүүс хууль, дүрмийг сайтар танилцуулан буцаад ирэхэд буусан байх талаар сануулаад дараагийн том отогруу алхав. Түүний отгийн хажууханд самрын навч газраар нэг асгасан байдалтай харагдана. Энэ нь байгалийн хөрсийг удаан хугацаанд агаар салхи, нэвтрүүлэхгүй дарж, хөрсөн дээр дахин ургамал ургах бололцоогүй болгодог байна. Тэр байтугай модны үндсэн дээр асгасан тохиолдолд үндсийг аажмаар сугалж, мод унаж ойчход хүргэдэг. Энэ мэтчилэн байгалийн онгон төрхийг хайр найргүй сэгчих хүмүүсийн хуучин туурь олон таарсан юм. Архи, пиво , ахуйн гаазныхаа хог хаягдлыг үлдээчхээд, шуудайтай самраа үүрч одох хүмүүс энд олноороо ирж байсан нь илт байлаа. 

             Бидний очсон нэгэн отогт аавыгаа дагаж самар түүхээр ирсэн 13 настай хүүтэй ярилцлаа. Тэрбээр “ Аавыгаа дагаад самар түүхээр анх удаа ирсэн. Сая л та хэдийг ирэхээр нь энд самар түүж болохгүй гэдгийг мэдлээ. Надад энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. Аав минь модонд авирч самар унагаахад нь би түүж авдаг. Түүсэн самраа машиндаж, дараа нь манай ах нар шигшиж бэлтгэдэг” гэв. Насанд хүрээгүй хүүхэд ийм хүнд нөхцөл байдалд эрсдэл хүлээж аавтайгаа ажиллаж байсан нь энэ. Түүнчлэн таван нас ч хүрээгүй хүүхдээ дагуулсан ээж ч тэнд бий.

             Экологийн цагдаагийн алба болон Богдхан уулын хамгаалалтын газраас удаа дараа сануулга өгч, отгуудыг энэ мэтчилэн уулнаас буулгасаар байлаа.  Ингэж  хэд хэдэн отгоор хяналт шалгалт хийн, ойгоос буулгасны дараа сүүлийн отог дээр ирэхэд хоёр хүн самар тээрэмдэж, наана нь мөн л том мунаар хушыг ээлж сөхөөгүй балбана. Цохисон хушнаас самар төвөггүйхэн ихээр унаж ирэх бөгөөд түүнийг шуудайлж аваад дараагийн үе шат буюу цайруулж, тээрэмдэх үйл явж өрнөх аж. Отгийн наад талд байгалийн мод сүхдэж түлээ бэлдсэн төдийгүй эдний отог өмнөх отгуудаас илүү их хэмжээний самар түүсэн харагдана. Дээрээс нь ямар ч автомашин явах боломжгүй шигүү ойд хулгайн зам гарган MarkX машинтайгаа ирээд долоо хоносон байв. Эдгээр зөрчлүүд дээр авах арга хэмжээний талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

БОГДХАН УУЛЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ,ШАЛГАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Г.БАРИАШИР: МУНДСАН ХУШ 20 ЖИЛ НӨХӨН СЭРЭГДЭГГҮЙ

        Хяналт шалгалт хийж арга хэмжээг цаг бүрт авсаар байгаа улсын байцаагч Г.Бариашир “Иргэд хууль бусаар хуш мудыг түншиж, болц гүйцээгүй самрыг хүчээр унагааж байгаа үйлдэл удаа дараа гарч байна. Үүн дээр бид экологийн цагдаагийн газартай хамтран таслан зогсоох арга хэмжээг авсаар байна. Зөрчлийн тухай хуулинд Хуш модны үр жимс түүсэн буюу хамгаалалтын горим алдагдуулсан бол иргэн хүнд 300 мянган төгрөгийн торгоно. Үүний хүрээнд хууль бус байгалийн баялагийг хураах, ачиж тээвэрлэсэн тохиолдолд улсын орлого болгох. Мөн самар жимс бэлдсэн тээрэм, шигшүүр, хөрөө зэрэг нь олдвол хураах арга хэмжээ авна. Ялангуяа иргэд ил гал түлэх нь гал түймэр гарах эрсдэлтэй, мөн хог хаягдал ихээр хаяж байгаа нь ноцтой зөрчил болж байна. Шигшсэн самарнаас хаягдсан самарны навч зэрэг нь газарт маш их хор хөнөөлтэй. Модыг мунаар цохиж гэмтээсэн тохиолдолд энэ нь хэзээ ч дахин сэргээгддэггүй” гэв 

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Г. ЛХАМ: ИРГЭД ХУУЛИЙН ДАГУУ ЗӨВШӨӨРӨГДСӨН ГАЗАРТ ТОГТСОН ХУГАЦААНД 25 КГ ХҮРТЭЛХ САМАР ТҮҮХ ЁСТОЙ

            Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар дархан цаазат газар самар түүсэн иргэдэд тодорхой шаардлага тавьж хамтран ажиллахын хажуугаар дараах холбогдох хуулийг танилцууллаа. Ахлах дэслэгч Г.Лхам “ Засгийн газрын 2015 оны 415 дугаар тогтоолоор хуш модны самрыг ховор ургамлын тоонд оруулсан. Байгаль орчныг хамгаалах хуулиар дагалдах журмыг зөрчиж хууль бусаар хуш модны самрыг бэлтгэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхээр Богдхан уулын хамгаалалтын алба дархан цаазат газарт экологийн цагдаагийн албатай хамтран тогтмол хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар багагүй отгууд хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг дор бүрт нь хяналт шалгалт хийж, иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлэх ажлыг зохион байгууллаа. Хуш мод нь экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалдаг учир хүмүүсийн буруутай үйлдлээс болж ихээр гэмтэж байна. Иймээс иргэд хуулийн дагуу зөвшөөрөгдсөн бүсэд 25 кг-аас хэтрэхгүй хэмжээний самар түүх ёстой.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд: 

4. Хортон шавж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх 

6. Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах 

Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд:

1. Тусгай хамгаалалттай газар нутагт

1.1 Хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм горим зөрчсөн

1.2 Менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нөхөн төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгөрөөг торгоно гэж заасан байдаг” гэв 

            Иргэдийн ухамсаргүй байдал байгаль орчинд ийн нөлөөлж байгаа нь харамсалтай. Хуулийн мэдлэг байхгүй, дээрээс нь төр засгийг буруутгасан хүмүүс цөөнгүй байлаа. Амьдралын эрхэнд хүнд хэцүү цаг хугацааг туулж байгаагаа ч тайлбарлаж байв. Гэвч дархан цаазат газар нүд халтирам байдал бий болгосон эдгээр иргэд зохих хуулийн хариуцлагыг хүлээнэ гэдгийг албаныхан мэдээлж байлаа. Бүрхэг өдөр ийнхүү өндөрлөж Богдхан уулан дах сэтгэл өвтгөм дүр төрх нүдэнд даслаа. 

/эх сурвалж: ERGELT.MN/

Холбоотой мэдээ