ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2022-08-31 54 0

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газар хоорондын “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г байгуулах ажлын уулзалтыг Увс аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Талууд ирэх 2023 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2023 онд хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-д  гарын үсэг зурлаа.

Төлөвлөгөөнд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газрын сургалтын төвд Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын  аврагч, гал сөнөөгчид болон удирдах албан тушаалтны ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, хил орчимд гарсан ой, хээрийн гал түймэр болон бусад гамшгийн үед харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллахаар тусгасан байна.

Хоёр талын уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ