“CAR SHARING” ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2022-08-25 108 0

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор аль чиглэлд хэдий хэрийн ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна “car sharing” үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад илүүдэхгүй болов уу. Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тодотгоё.

2022 он гарснаас хойш 58 мянган тээврийн хэрэгсэл нэмж Монгол Улсад бүртгэгдсэн. Үүний 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Жид тутамд 70-80 мянган тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод бүртгэж, улсын дугаар олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 640 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 100 орчим мянга нь ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзвэл үндсэндээ хагас сая тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын хүрэлцээ дутмаг болдог. Энэ жилийн хувьд шинээр зам тавих, зам засах ажлууд харьцангуй эрт эхэлж, эрт дууссан. Наймдугаар сарын 25-аас хойш хаалттай зам бараг байхгүй. Өнгөрсөн жил Зайсангийн чиглэлийн замд л гэхэд дулааны шугамын засвар орсон байснаас замын ачаалал өндөр байсан. Энэ ачаалал үүсгэхээр засварын ажил байхгүй гэсэн юм.  

“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” энэхүү захирамжийг мэргэжлийн байгууллагын санал, тооцоо судалгаанд үндэслэн гаргасан юм. Захирамжид  дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулах аж. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалт хийж буйг дахин сануулъя. Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.

Холбоотой мэдээ