
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн 8 дугаар сарын 24-ний энэ өдөр “Гарааны өмнөх ажиллагаа”-гаар эхэллээ.

Гарааны өмнөх ажиллагааны эхний тэмцээн “Монгол цэрэг-Тусгаар тогтнол” сэдвийн хүрээнд ханын сонин бүтээх даалгавар, “Монгол бахархал”, “Тусгаар тогтнолын үнэ цэн”, “Миний эх орон-Миний мөрөөдөл”, “Монголын түүхэн дэх аугаа цэргийн жанжин”, “Миний мэдэх Монгол Улсын Зэвсэгт хүчин” сэдвийн хүрээнд эссэ бичих уралдаан байлаа.
Өөрөөр хэлбэл, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, ахмад дайчдын байгуулсан гавьяа, монгол цэргийн ялалт, тэмцлийн түүхийг 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгийн сурагчид үгээр бичиж, бийрээр зурж өрсөлдөв. Тэмцээн нэгэн зэрэг явагдсан бөгөөд ханын сонинг тасгийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч, эссэ бичих даалгаврыг тасгийн захирагч тус тус гүйцэтгэж, ахлах шүүгчээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Т.Мөнхсаруул ажилласан юм.
Сурагчдын ханын сонин бүтээж буйг үзэж сонирхов. Нийслэлийн Багануур дүүргийн тасгийн сурагчид Э.Дамдин, Б.Отгонзул Монгол Улсын тогтнолыг бамбай мэт хатуу бөх байг хэмээн зохиомжилсон зураг зурж байна.

Тэднийг залгуулаад Өвөрхангай аймгийн Г.Алтантуул, Б.Эрдэнэжаргал, Орхон аймгийн А.Сансар, Н.Тэмүүлэн нар ёсолж байгаа эр цэрэг, соёмбыг илтгэсэн зураг эхлүүлээд тун завгүй байв.
Орон нутгийн сурагчид аймгийнхаа онцлог, түүх, шүтээнийг өгүүлсэн зураг зурах нь ч олон ажээ. Тухайлбал, Завхан аймгийн Э.Төгөлдөр, Г.Дашжаргал нар Отгонтэнгэр хайрхнаа зурж, монгол бичгээр “Эх орон эрхэм баян” хэмээн бичсэн байна.
Дундговь аймгийн Б.Бүдханд, Б.Бадамгарав, Дорнод аймгийн Б.Ганцэцэг, Б.Оргил, Говь-Алтай аймгийн Б.Чойдон, Б.Энхсүлд, Төв аймгийн У.Батбаяр, А.Мөнхцэцэг нар сүү өргөсөн ижий, давшиж яваа цэрэг эрс, Монгол Улсын газрын зураг, Төрийн далбаа, хөх тэнгэр зэрэг олон агуулгыг багтаасан дүрслэлүүдийг сийрүүлж байна.
Сэлэнгэ аймгийн А.Мөнхтөр, Г.Мишээл нар монгол цэргийн баатарлаг ялалтыг харуулж, буудуулаад унаж байгаа гаднын цэргийг хүртэл дүрслэн зурсан бол Дорноговь аймгийн Л.Лувсан, Б.Баянцэнд нар Их Монгол Улсын түүх, Халхын голын байлдааны ялалт, энх цагийн Монгол Улс зэргийг багтаасан түүхэн загварчилсан бүтээл төрүүлэхээр завгүй.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Б.Төрболд, Ш.Шүрэнтуяа нар өнгө өнгийн гарын алга дэлгэн зурсан нь эв найрамдлыг илэрхийлж, гаднын зөрчил, аюул Монгол Улсаас хол байг гэсэн санаагаар, Увс аймгийн У.Хосбаяр, Г.Батнандин нар “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” гэсэн өгүүлэмжээр бүтээж байлаа.
Ийнхүү сурагчид гүн утга, агуулга, зураглал багтаасан ханын сонинг бүтээж, нэг цагийн дараа шүүгч нарт хураалгасан юм. Бүтээлүүд, эссэ бичлэгийн уралдааны дүн удахгүй гарна.
/эх сурвалж: “Цэрэгжлийн спорт” цахим хуудас/

0 cэтгэгдэлтэй