БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛД БҮРЭН ХАМРУУЛАХААР БОЛЛОО

2022-08-24 150 0

Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч ажилладаг. Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгаалалын зэрэг олон асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай.

Судалгаагаар нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь буюу 3 байгаль хамгаалагч тутмын нэг нь халдлагад өртсөн гэсэн дүн байдаг. Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал нь байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, соёлын зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх боломжтой цогц асуудал юм. Тиймээс нэн тэргүүнд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах санаачилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ эхлүүлэн дээрх ажил эцэслэгдэн шийдвэрлэгдэж, хэрэгжихээр боллоо.

Ингэснээр жилийн 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж байнгын эрсдэлд учирч байдаг байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндийг гэнэтийн болзошгүй аваар, ослоос бүрэн хамгаалж, эрсдлийг даатгуулах боломж бүрдэж байна.

/эх сурвалж: БОАЖЯ/

Холбоотой мэдээ