ДОРНОД АЙМАГ: ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААР 800 ОНОО АВСАН СУРАГЧИД, БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ УРАМШУУЛЛАА

2022-06-29 339 0

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 12 жилийн 18 сургуулийн 34 бүлэгт энэ онд нийт 751 суралцагч 12 дугаар ангийг төгсөж байна. Энэ хичээлийн жилийн 751 суралцагч, өмнөх хичээлийн жилийн 166 төгсөгч, нийт 917 суралцагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн.

Аймгийн Засаг даргаас Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт оролцож 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг хүлээн авч уулзан, биечлэн баяр хүргэж урамшуулдаг уламжлалтай.

Үүний дагуу өнөөдөр /2022.06.29/ аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ЭЕШ-аар англи хэл, Нийгэм, Монгол хэл, Орос хэлний хичээлээр 800-н оноо авсан 7 сурагч, олон Улсын Англи хэлний шалгалтын оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлж 800 оноо авсан 1 сурагч, нийт 8 сурагчийг тус бүр 1,0 сая төгрөгийн урамшуулал, сурагчдаа амжилттай бэлтгэсэн 6 багшид тус бүр 0,5 сая төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл олгож, батламж гардууллаа.

Орос хэлний сурагч анхны оноогоор 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан амжилт үзүүлсэн бол монгол хэлний хичээлээр 3 сурагч 800 оноотой шалгагдсан нь энэ хичээлийн жилийн онцлог байна. 8 сурагчийн 4 нь Хэрлэн сумын 1 дүгээр сургууль, 2 нь Хан-Уул цогцолбор сургууль, Долоодой, Фловер сургуулийн тус бүр 1 сурагч юм.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх “ЭЕШ-2022” эрчимжүүлсэн сургалтыг жил бүр зохион байгуулах, багш нарын ажиллах орчин, ур чадвараа дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, боловсролын чанарыг бодлогоор дэмжин хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа нь өмнөх оны амжилтаа ахиулах нэг үзүүлэлт болж байна.

Мөн боловсролын салбарт сум, орон нутагт нэн хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт үзүүлдэг “Нутгийн ирээдүй” төсөл нь 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа ба 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц анхдагч хөтөлбөр юм.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ