“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА

2022-06-24 51 0

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын Цогтцэций өртөөнөөс гол шугамын 129 дүгээр км буюу Ар хонгилдог зөрлөг хүртэлх хиймэл байгууламж болон дээд, доод бүтцийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргах Техникийн комиссын бүрэлдэхүүн төслийн талбай дээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд ажиллалаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Булганхүүгээр ахлуулсан уг техникийн комисс Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Зураг төслийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төлөөлөл бүхий 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

Техникийн комисс нь зураг төсөл, далан, газар шорооны ажил, гүүр хоолой хиймэл байгууламжийн холбогдох баримт бичгийг хянаж төмөр замын барилгын стандарт, холбогдох норм дүрэм, техникийн шаардлагад нийцсэн эсэхийг шалган, дүгнэлт гарган ажиллалаа.

Мөн Цогтцэций өртөөнөөс гол шугамын 129 дүгээр км хүртэл төмөр замын техникийн байдалд үзлэг хийсэн.

Ийнхүү техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтээр Улсын комисс ажиллуулахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

/эх сурвалж: Монголын Төмөр зам ТӨХК/

Холбоотой мэдээ