“ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2022-06-23 34 0

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 23-нд тэмдэглэдэг “Төрийн албаны өдөр” өнөөдөр тохиож байна. Төрийн албаны өдрийн зорилго нь улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, инновацыг хэлэлцэн, сайн туршлагыг түгээх, төрийн байгууллага, албан хаагчдын сайн ажил үйлсийг сурталчлан таниулах, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, залуу үеийнхэнд төрийн албанд ажиллах урам зориг өгөх өргөн агуулгатай байдаг.

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевичийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хүлээн авч уулзаж, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, хамтын ажиллагааны хүрсэн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар өргөн хүрээний сэдвийг ярилцлаа.

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй олон талт хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа хатагтай Илейн Конкиевич илэрхийлээд шинэтгэлийн дараагийн үе шатан дахь үйл ажиллагааны төлөвлөлтөд анхаарал хандуулж буйгаа хэлэв.

Төрийн албаны зөвлөлөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн шугамаар төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах цогц ажлуудыг улсын хэмжээнд явуулж байгаа билээ.

/Эх сурвалж: МУ-ын Төрийн албаны зөвлөл/

Холбоотой мэдээ