УУЛЧИН А.БАТТОГТОХ МАКАЛУ ОРГИЛД МАНДУУЛСАН ТУГАА ИНЕГ-Т ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2022-06-16 103 0

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн механик инженер, “Horizon mountaineering club”-ын гишүүн, уулчин А.Баттогтох Непал улсын Макалу оргилд амжилттай гарч, төрийн далбаагаа мандуулаад, эх орондоо ирлээ. Тус оргил нь дэлхийд өндрөөрөө тавдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд далайн түвшнээс дээш 8463 метрийн өндөрт оршдог. Мөн энэхүү оргилд өмнө нь Монгол хүн гарч байгаагүй юм. Уулчин А.Баттогтох өнгөрөгч дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Непал улсыг зорьсон бөгөөд дөрөвдүгээр сарын 09-ны өдөр авиралтаа эхлүүлж, нийт 30 хоногийн хугацаанд үргэлжилсэн авиралт хийснээр тавдугаар сарын 09-ны өдөр Макалу оргил дээр амжилттай гарчээ. Харин оргилоос доош буух хүртлээ нийт 8 хоногийг зарцуулсан байна.

Түүнийг Непал улсыг зорихоос өмнө ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хүлээн авч, авиралтад нь амжилт хүсч, байгууллагын туг болон дурсгалын зүйлсийг гардуулан гаргаж өгч байсан юм. Харин тэрээр авиралтаа амжилттай хийж, зорилгоо биелүүлж, урьд өмнө Монгол хүн гарч байгаагүй оргилд хөл тавьсан анхны Монгол уулчин болоход тусалж дэмжсэнд талархал илэрхийлж, Макалу оргилд мандуулсан тугаа өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасанд гардуулан өглөө.

 /эх сурвалж: mcaa.gov.mn/

Холбоотой мэдээ