Соёлын ажилтнууд салбарын шинэ сэргэлтийн бодлогоо хэлэлцэж байна

2022-06-08 262 0

Соёлын яамны харьяа аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын ажилтнууд “Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” уулзалт, хэлэлцүүлэгт оролцохоор Улаанбаатар хотод энэ сарын 7,8-ны өдрүүдэд ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт, 500 орчим соёлын ажилтан оролцож байгаа бөгөөд өмнө нь соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагагүй байхад 2007, 2017 онуудад “Соёл урлагийн ажилтны улсын зөвлөгөөн” нэрээр салбарын хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулж байсан юм.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа соёлын ажилтнууд өчигдөр музей, театр, номын сан зэрэг соёлын салбарт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Соёлын сайдад танилцуулсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар театрт “Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож байна.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Соёлын сайд Ч.Номин тавьсан бөгөөд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Бүх нийтийн соёлын боловсрол, Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван бодлогоос гадна Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, судалгааны ажлууд өрнөж байгаа талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид өнөөдөр “Төрийн албаны шинэтгэл-Соёлын салбарт”, “Урлагийн салбарын шинэчлэл”, “Номын сангийн шинэчлэл”, “Музейн тогтвортой хөгжил”, “Соёлын төв, соёлын ордны шинэчлэл”, “Аймгийн соёл урлагийн газруудад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэгт оролцоно.

/эх сурвалж: Соёлын яам/

Холбоотой мэдээ