СОЁЛЫН САЙД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

2022-06-04 361 0

Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын 14 чиглэлд байгуулагдсан Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн залуусыг хүлээн авч уулзлаа.
“Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын тэргүүнд Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно гэж заасан байдаг.
Энэ хүрээнд Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг албан ба албан бус хөтөлбөрөөр олгох, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, цаашид салбарын бодлого, хөгжлийг бүрэн хэмжээнд тодорхойлохын тулд салбарын залуучуудтай уулзалт зохион байгуулж байгаа юм.
Залуус соёлын салбарт хүний нөөцийн дутагдал үүсч байгааг бодлогоор дэмжиж мэргэжилтнүүдийг гадаад дотоодод суралцуулж бэлтгэх, соёл урлагийн ажилтнуудын цалин, нийгмийн баталгаа хангамж хангалтгүй байгаагаас залуус мэргэжлээрээ ажиллах боломжгүйд хүрэх үндсэн шалтгаан болж байгааг, соёл, урлагаар дамжуулан хүүхэд залуус, иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлууд зохион байгуулах төсөл хөтөлбөрүүдийг боловсруулдаг ч салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлд төсөв санхүүжилт байдаггүй зэрэг тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, санал солилцлоо.
Соёлын сайд салбарын хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлого төлөвлөлт, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулахын зэрэгцээ залуусын дэвшүүлсэн асуудлуудад хариулт өгч, соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг өөрсдийн ажиллаж, бүтээн туурвидаг соёл, урлагийн салбарын бодлогыг тодорхойлох тодорхой саналуудыг боловсруулж ирүүлэх, салбарын хөгжилд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг тодорхойлоход яамны зүгээс бодлогоор дэмжих гарц шийдлүүдийг тодорхойллоо.

(Эх сурвалж: Соёлын яам)

Холбоотой мэдээ