АХЛАХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР-2022” БОЛЛОО

2022-06-04 60 0

Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Эрдмийн баяр-2022” ёслолын ажиллагаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Их сургуулийн жагсаалын талбайд боллоо.

Эрдмийн баярт Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал, доктор /Ph.D/, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Сургалтын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Мөнхзаяа, Ахлах сургуулийн захирал, хурандаа Д.Гандаваа болон 12 дугаар анги төгсөгчдийн эцэг эхчүүдийн төлөөл оролцлоо.

Энэ хичээлийн жилд тус сургуулийг 83 сурагч төгсөж, төгсөгчдийн 20 гаруй хувь нь ОХУ, АНУ, ХБНГУ, БНХАУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, 100% тэтгэлэгтэй суралцах эрх авсан амжилттайгаар эрдмийн баяраа угтжээ.

“Эрдмийн баяр-2022” ёслолын үйл ажиллагааны үеэр Ахлах сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Дэлгэр “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 12В ангийн сурагч Б.Батсуурь “Хөнгөн атлетикийн спортын дэд мастер” цолоор тус тус шагнагдсан байна.

Мөн 2021-2022 оны хичээлийн жилд амжилттай суралцаж төгссөн сурагчдыг Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнаж урамшуулжээ.

(Эх сурвалж: Дотоод Хэргийн Их Сургууль)

Холбоотой мэдээ