ШАДАР САЙД СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН САНАЛ СОЛИЛЦЛОО

2022-06-02 36 0

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар ахлах ангийн сурагчдын төлөөллийг Төрийн ордонд урьж 05 дугаар сарын 31-ний өдөр мэргэжил сонголт, ирээдүйн зорилго, хүсэл сонирхлынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар ахлах ангийн сурагчдын төлөөллийг урьж, Төрийн ордонтой танилцуулсан юм. Сурагчид УИХ-ын чуулганы танхим, үйл ажиллагаатай танилцан, Төрийн есөн хөлт Цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа. Мөн Шадар сайд С.Амарсайхан сурагчдыг хүлээн авч, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцов.

Тэрбээр “Ахлах анги гэдэг маш чухал үе. Та бүхэн цаашид амьдрал болон нийгэмд ямар байр суурьтайгаар хөл тавих вэ гэдэг нь энэ хугацаанд шийдэгдэнэ. Амьдрал бол маш өргөн уудам. Хүүхдүүд та бүхний өмнө олон янзын сорилт бэрхшээл, олон янзын боломж гарц шийдлийг амьдрал гарган тавьсаар байх болно. Нэг хаалга хаалттай мэт санагдсан ч хэрэв чи олж харж л чадвал дараагийн хаалга цэлийтэл нээгдэнэ. Иймд зүрх сэтгэлээ сайн чагнаад, өөрийнхөө хүсэл зорилго, өөрийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө мэргэжил сонголтоо зөв хийгээрэй. Түүнчлэн эцэг, эх, ойр дотныхонтойгоо нээлттэй ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж байх нь маш их дэм болно” хэмээн захилаа.

/эх сурвалж: УИХ-ын гишүүн С.Амарсайханы ажлын алба/

Холбоотой мэдээ