НАС, НАСНЫ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО

2022-06-02 36 0

Хүүхдийн баярыг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нас, насны төлөөлөл 100 гаруй хүүхэдтэй уулзалт хийж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Хүүхдүүдийн зүгээс аймаг, сумын болоод хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагуудын удирдлагуудтай нэг ширээнд сууж, халуун дотно яриа өрнүүлж, өөрт тулгамдсан асуудал, бэрхшээлээ ярьж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Мөн аймгийн төв өргөжиж, хөгжөөд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхүйц номын сан, усан бассейн, спорт заалууд, цэцэрлэгт хүрээлэн бий болсонд талархаж явдгаа хэлж байлаа.

Гэвч цаашид гадна орчин дахь сагсны талбайг олноор байгуулж, тохижуулах, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээлттэй ажиллуулах, сургуулийн гадна орчныг тохижуулах, гэр хорооллын зах орчмыг гэрэлтүүлэг, дэд бүтцээр хангах шаардлагатай байгааг хэлсэн юм.

Түүнчлэн ахлах ангийн сурагчдад сургуулиа амжилттай төгсөх, мэргэжлээ зөв сонгох гэхчлэн санаа зовоосон олон асуудал тулгамддаг, түүнийгээ хэнд хэлэхээ мэддэггүй учраас сургууль бүрт сэтгэлзүйч ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт тавив. Мөн зөв үлгэр дуурайлалтай, манлайлагч хүүхдүүд байх, үе тэнгийн дарамт шахалтыг таслан зогсоохтой холбоотойгоор нэг нэгэндээ уриалга дэвшүүлж, сайн туршлагаа хуваалцаж байсанд аймгийн удирдлага хүний хувьд талархаж байлаа.

Хүүхдүүдийн дийлэнх ярианаас эцэг, эхтэйгээ төдийлөн дотночилж ярьдаггүй, ярихыг хүсдэг ч аав, ээж, асран хамгаалагчдын зүгээс онцгойлон цаг, зав гаргадаггүй болох нь анзаарагдаж байсан юм. Иймд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, сайтар хараа хяналт тавьж байхыг нийт эцэг эхчүүдээс хүслээ.

Хүүхдүүдээс хэлсэн санал хүсэлт бүрийг тэмдэглэн авч, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөөд байна.

/эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын цахим хуудас/

Холбоотой мэдээ