МАЛЧИД УЛАМ ОЛУУЛАА БОЛЖ, ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2022-06-02 66 0

Шагналаар шандуурсан төр засаг минь баяр өндөрлөлөө. Шаналсан малчидаа сонсож, шархалсан газар нутгаа өмгөөлөх чинь өнөөдрөөс эхлэх үү? Дөрвөн говийн малчид улам олуулаа болж тайван жагсаал, цуглаанаа үргэлжлүүлсээр л байна!!! Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр малчид Монголын мянга мянган үрсэд ирээдүйг нь бэлэглэхээр нэгдэж байна.

Хоттой хонийг нь чоно хүүлж, суурь сууриар нь адуу малыг нь хил дамнуулан хөөж байхад ч ган хийж дуугаралгүй өөрт оногдсон хувь тавилангаа үүрдэг говь нутгийнхан гантай зуны халуун өдөр улсынхаа төв талбай дээр газар нутгийнхаа төлөө гаслан шархирч байхад Монголын төр энэрлээ харуулах болоогүй юу? Ард иргэдээ, малчин түмнээ аймаг аймгаар нь, бүс нутгаар нь ингэтэл нь зовоодог төр засаг байх гэж… Ширгэсэн худаг, хатсан тойром, ухсан газар, уул нь алга болсон уурхайн нүх, улаан түйрэн дундуур салаалсан олон зам, тоосонд дарагдаад танигдахаа больсон бут шавагхан л говьд үлдсэн.

Харин эд маань шархлаад шахиран гасалж байгаа говийн бүс нутгийг хамгаалахаар төр засгийнхаа үүдэнд ирээд сууж байна!!! Хүч мөхөс малчин түмнийг минь дэмжиж төв талбай дээр ирж гарын үсгээ зурахыг ард иргэддээ, нийслэл хотынхондоо уриалж байна. Бид улам олуулаа болж эх орныхоо өмнөд хязгаарыг хамгаалах болно оо! Замдаа гарсан газар газрын малчид минь аян замдаа сайн яваад ирээрэй!

/эх сурвал: Сэтгүүлч Батмөнхийн Чулуунцэцэгийн цахим хуудас/

Холбоотой мэдээ