ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮР ДҮНТЭЙ ЗАРЦУУЛАХЫГ АНХААРУУЛАВ

2022-05-31 46 0

Завхан аймгийн албан байгууллагын удирдлагуудын ээлжит хурал 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Засаг даргын орлогч А.Болормаа, ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ хүрээнд хувь хүн, айл өрх, албан байгууллага, сум, аймгийн хийх ажлуудын чиглэлийг тодорхой гаргаж, үр бүтээмжтэй зохион байгуулах, төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах тал дээр анхаарч ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.

Улиастай суманд олон жил ашиглалтгүй байгаа өнгө үзэмж муутай барилгуудыг буулгах, засаж тохижуулах, хууль бус олгогдсон газруудыг хүчингүй болгох зэрэг аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд ГХБХБГ, холбогдох айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Мөн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Завханчуудын хүсэн хүлээсэн дулааны станцыг 26 сарын хугацаанд барихаар төлөвлөж шав тавих ёслолыг зохион байгуулсан бол Тосонцэнгэл суманд 18 мегаваттын хүчин чадалтай дулаан цахилгаан станцыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөж байна. Алдархаан суманд нарны станц, Тэлмэн суманд салхин станц барина. Ингэснээр Завхан аймаг цахилгаан, дулааны гачигдалаас гарч, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Ялангуяа Тосонцэнгэл сум үйлдвэрлэлийн бүс болох бүрэн боломжтой.

Алтай-Улиастай чиглэлийн 190 км хатуу хучилттай автозам, Арц суурь-Бургастай чиглэлийн босоо тэнхлэгийн зам, Арц суурь-Нөмрөг чиглэлийг авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнээр Завхан аймгийн хэд хэдэн сум хатуу хучилттай авто замаар холбогдоно. “Нутгийн зам” төслийн хүрээнд Идэр, Цэцэн-Уул, Сантмаргаз, Түдэвтэй сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ТЭЗҮ-ийг хийлгэж байна.

Улаанбаатар хотод УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачлагаар “Хүүхдэд ээлтэй Монгол” чуулганыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулсан нь хүчирхийлэлгүй, оюунлаг Завхан болох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үйл ажиллагаа болсон тул цаашид ч гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлгүй аймаг болоход хамтарсан багууд идэвхтэй ажиллана.

Албан байгууллагууд өнгө үзэмжээ сайжруулах, тарьсан модоо арчлан ургуулах тал дээр онцгой анхаарах, албан хаагчид ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, сахилга баттай, санаачлагатай ажиллах шаардлагатайг онцоллоо.

Аймгийн Засаг даргын орлогч А.Болормаа улс орон даяар явагдаж буй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Үе залгамжлагч”, Одчим наран” эмнэлгүүд дээр 6 насны ангиллаар зохион байгуулж байгаа тул албан хаагчдаа идэвхтэй хамруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн дараах мэдээллийг өглөө.

Үүнд:
1.Аймгийн Засаг даргын 2022 оны 2 сарын 14-ний өдрийн А/68 тоот захирамжаар 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг Их-Уул суманд зохион байгуулсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны эхний шатны шинэчлэл бүрэн явагдаж дууссаныг зарласан. Харин хоёрдугаар шатанд стратегийн чиг баримжаатай хүний нөөцийн удирдлагыг бий болгох, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр олон ажил хийгдэнэ. Төрийн албан хаагчид мэдлэг, чадвараас гадна хандлага, зан үйлээ өөрчлөх шаардлагатай.

  1. Аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ерөнхий болон тусгай шалгалтуудыг зохион байгуулсаар байна. Ойрын хугацаанд мөн сул орон тооныхоо захиалгыг ирүүлэх
  2. Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 10 цагт Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй цахим сургалтад албан хаагчдаа бүрэн хамруулах тал дээр анхаарч ажиллах
  3. Аймгийн Засаг даргын 2022 оны 5 сарын 5-ны өдрийн А/257 тоот Хүүхдийн хүчирхийлэлгүй аймаг болох тухай захирамжийн хэрэгжилтийг хангах, ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэхэд албан байгууллага, ажилтан бүр хариуцлагатай, идэвх санаачлагатай оролцохыг тус тус үүрэг болголоо.
  4. (Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ)

Холбоотой мэдээ